Шууд Chart

Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй

2022-05-17 12:01:44

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд:

1. Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн талаар,

2. Халамжаас хөдөлмөрт төсөл хөтөлбөрийн талаар,

3. Иргэдийн зүгээс ТҮЦ нэмж байршуулахгүй гэх өгсөн шаардлагын талаар хэлэлцлээ.

Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн хувьд Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар 3 ээлжээр хичээллэдэг цэцэрлэг, сургууль байхгүй ч цаашид хүн амын өсөлт, суурьшилтаас болж үүсэх эрсдэлтэй. Тиймээс нэг хороонд дор хаяж нэг цэцэрлэг, сургууль шаардлагатай байгаа талаар Боловсролын хэлтсээс мэдээлсэн. Үүнд Баянзүрх дүүргийн удирдлагын багийн зүгээс холбогдох УИХ-ын гишүүд, дүүрэг, нийслэлийн төлөөлөгч нарт уламжилж шаардлагатай төсөв тавиулах ажлыг хийнэ гэдгээ мэдэгдлээ.  Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс “Халамжаас – Хөдөлмөрт” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нээлттэй өдөрлөг зохион байгуулах хүсэлтээ тавьсан. Үүнд Баянзүрх дүүргийн удирдлагын багийн зүгээс 6 сардаа багтааж өдөрлөг зохион байгуулж өгөхөөр боллоо.

 Үүний дараа ТҮЦ-тэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг Баянзүрх дүүргийн удирдлагууд, хорооны Засаг дарга нар хэлэлцлээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ,“Бид өнгөрсөн 2 жилийг коронавирусын цар тахлын хямрал дор өнгөрүүлсэн. Тэр ч утгаараа тухайн үед бизнес эрхэлгчдээ жижиг том гэлтгүй бүгдийг нь боломжоороо дэмжиж ирсэн. Гэтэл үүнийг зарим нь буруугаар ойлгож дүүргийн хэмжээнд дуртай газраа ТҮЦ тавьж явган хүний зам хаах, орчны бохирдол үүсгэх зэрэг асуудлууд гарсаар байна. Иргэд ч үүнд бухимдаж удаа дараа дүүрэгт хүсэлт ирүүллээ. Тиймээс Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй. Цаашид тодорхой стандарт, дүрэм журмын дагуу бизнес эрхлэгч нартай хамтран ажиллана” гэсэн юм.

Хурлын төгсгөлд Засаг даргын зүгээс хороо, алба хэлтсийн удирдлагуудыг өөр хоорондоо уялдаатай ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдээ уриалах ажилд идэвхтэй оролцохыг үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй