Дэлхийн томоохон авиа компаниуд тийзийн үнээ нэмэгдүүлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнд газрын тосны үнэ огцом өссөн, Ойрхи Дорнодын хурцадмал байдал нэмэгдсэн, зарим агаарын замууд хаагдсан зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлж байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өсөж, нэг торх газрын тос 110 ам.доллар давсан нь агаарын тээврийн компаниудын зардлыг нэмэгдүүлжээ. Нислэгийн зардлын 25-35 хувийг шатахуун эзэлдэг тул нефтийн үнийн өсөлт тийзийн үнэд нөлөөлөх хандлага ажиглагдаж байна.
Олон улсын шинжээчдийн мэдээлснээр Cathay Pacific, Air France-KLM, Scandinavian Airlines, Air India, United Airlines зэрэг зарим авиа компаниуд үнэ нэмэх шийдвэр гаргаж эхэлсэн бол бусад томоохон авиа компаниуд мөн тийзийн үнийг нэмэх боломжийг хэлэлцэж эхэлжээ.
Зарим чиглэлд гарах зардал 10-25 хувиар өссөн талаар агаарын тээврийн салбарын эх сурвалжууд мэдээлж байна. Ялангуяа Европ-Ази, Ойрхи Дорнод, Америк чиглэлийн урт нислэгүүдэд илүү их дарамт үүсч байгаа аж.
Мөн Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор зарим агаарын орон зайг тойрч нисэх шаардлага гарчээ. Үүний улмаас нислэгийн хугацаа уртасч, шатахууны зарцуулалт нэмэгдсэн байна. Персийн булан болон Ираны орчимд нислэгийн маршрут өөрчлөгдөж, Европ-Ази чиглэлийн зарим нислэг 30-90 минутаар уртассан талаар салбарын эх сурвалжууд мэдээлжээ.
Олон улсын агаарын тээврийн холбоо болох International Air Transport Association шатахууны үнэ өсөх хандлага үргэлжилбэл 2026 оны хоёрдугаар улиралд тийзийн үнэ өсөх эрсдэлтэйг анхааруулсан байна.
Үүнээс гадна агаарын орон зай хаагдах эрсдэл, даатгалын зардал нэмэгдэх, нислэгийн маршрут уртсах, аюулгүй байдлын нэмэлт зардал нэмэгдэх зэрэг хүчин зүйлс тийзийн үнийг өсгөж болзошгүй байна.
Ийнхүү дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор олон улсын агаарын тээврийн салбарт дарамт үүсч, зорчигчид ирэх саруудад илүү өндөр үнэтэй тийз захиалах шаардлага үүсэх төлөв ажиглагдаж байна.
| Олон улсын авиа компаниудын нислэгийн тийзийн үнэ нэмэгдэж болзошгүй байна | ||
| Үзсэн: 139 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.