Шууд Chart

“Даатгалын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлэг боллоо

2022-05-17 12:32:01

Бизнесийн бүхий л салбарт цахим шилжилт хурдацтай явагдаж байгаа өнөө үед санхүүгийн салбар, тэр дундаа санхүүгийн хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралтай уялдаа бүхий даатгалын үйл ажиллагаа нь үе шаттайгаар цахимжиж байна.

Даатгалын бүтээгдэхүүний загварыг боловсруулах, үнэ тогтоох, маркетинг борлуулалт, гэрээ байгуулах, нөхөн төлбөр олгохоос эхлээд даатгуулагчаа халамжлах үйл ажиллагаа гээд бүхий л шат дамжлаганд технологийн дэвшлийг хэрэгжүүлэх хандлага бий болоод байна.

Ялангуяа “Ковид-19” цар тахлын улмаас олон улсын хэмжээнд хөл хорио, хилийн хоригтой холбоотойгоор ихэнх бизнесийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжихийн сацуу технологийн дэвшлийг ашиглах шаардлага, сонирхол нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Албан журмын даатгалын холбоо болон даатгалын компанийн удирдлагуудыг хамруулсан “Даатгалын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр цахим шилжилт хийх шаардлага, түүний зохицуулалтын талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийсэн бол Монголын даатгалын холбоо даатгалын салбарт хэрэгжүүлж буй цахим үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн  “Бодь даатгал” ХК, “Тэнгэр даатгал” ХХК даатгалын андеррайтинг, бүтээгдэхүүн борлуулалт, нөхөн төлбөр олголт болон бусад үйл ажиллагаанд нэвтрүүлж буй цахим шилжилт, Монголын даатгалын зуучлагчдын холбооноос даатгалын борлуулалтын сувгийг өргөжүүлэхэд цахим үйл ажиллагааны үүрэг, “Финс брокерс” ХХК давхар даатгал, хамтын даатгалын үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл өгч, танилцуулсан юм.

Сонирхуулахад, “Deloitte”-аас гаргадаг даатгалын салбарын хэтийн төлөвийн тайланд энэ онд нийт даатгалын компанийн 74 хувь нь хиймэл оюун ухаанд суурилсан, 72 хувь нь үүлэн технологид, 67 хувь нь дата аналитик, 63 хувь нь аппликэйшнд чиглэсэн үйл ажиллагаанд төсвөө нэмэгдүүлэх төлөвтэй байгааг онцолжээ. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлснээр зардал 30 хүртэл хувь буурч, борлуулалт 20-130 хувиар нэмэгдсэн талаар дурдсан байна.

Түүнчлэн ажлын бус цагаар чатботоор дамжин даатгуулагчид хүргэсэн бүтээгдэхүүн нь нийт борлуулалтын 10 орчим хувийг эзлэх ба энэ нь даатгуулагчтай биечлэн харилцах цагийг 40 хувиар бууруулжээ /эх сурвалж: Kearney analysis/.  Даатгалын салбарын цахимжилтын зэрэгцээ инсуртек компаниудын хөгжил огцом өсөлтийг үзүүлж, энэ чиглэлийн компаниуд өнгөрсөн оны эхний 9 сарын байдлаар олон улсын хэмжээнд 10.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татсан байна /эх сурвалж:Reuters/.  Үндсэндээ инсуртекийн сүүлийн жилийн өсөлт нь цар тахлын өмнөх 3-4 жилийн өсөлтийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээтэй байгааг McKinsey Global Survey-д дурджээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


“Даатгалын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй