Шууд Chart

Макдоналдс ОХУ-ын зах зээлийг орхино

2022-05-17 13:10:17

1990 оны үед Москва-д бизнесээ эхлүүлж байсан Макдоналдс, 30 гаруй жилийн дараа Оросыг бүрмөсөн орхиж байгаагаа мэдэгдлээ. Шийдвэрийн дагуу бүх салбар, сүлжээ ресторануудаа зарж эхэлжээ.

Тус компани энэ оны 3 дугаар сард 850 салбар цэгээ түр хаагаад байсан юм. Түргэн хоолны тэргүүлэгч компани Украинд эхлүүлсэн нөхцөл байдлаас үүдэлтэй "хүмүүнлэгийн хямрал" болон "үйл ажиллагааны урьдчилан таамаглах боломжгүй орчин нөхцөлийн" улмаас ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдэлдээ дурджээ.

Макдоналдсын гүйцэтгэх захирал Крис Кемпчински ажилтнууд болон ханган нийлүүлэгчдэд хандан илгээсэн захидалдаа "Энэ бол манай компанийн хувьд урьд өмнө тохиолдож байгаагүй, гүнзгий үр дагавартай төвөгтэй асуудал. Зарим хүмүүс хоол хүнсний үйлчилгээ үзүүлж, олон иргэдийг ажлын байраар хангаж үргэлжлүүлэн ажиллуулах нь мэдээж зөв зүйл гэж маргаж магадгүй. Гэхдээ Украин улсад үүссэн хүмүүнлэгийн хямралыг үл тоомсорлох боломжгүй. 32 жилийн өмнө Оросын зах зээлд гарахад хүргэсэн тэрхүү итгэл найдвар, амлалт энэ бүхний дараа хэвийн үргэлжлэх боломжгүй" гэж мэдэгдсэн байна.

Сонирхуулахад, 1990 онд Москвад Макдоналдсын анхны салбар нээгдсэн нь хүйтэн дайны үеийн хурцадмал байдал намжсаны бэлгэдэл болсон гэж үздэг. Анхны салбар нээгдсэнээс жилийн дараа ЗХУ задран унаж, Орос эдийн засгаа барууны компаниудад нээлттэй болгосон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Макдоналдс ОХУ-ын зах зээлийг орхино  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй