Шууд Chart

Швед, Финланд улсууд НАТО-д элсэх хугацаа наашилж магадгүй

2022-05-18 11:11:39

ОХУ Украинд цэрэг оруулсантай холбоотойгоор Швед, Финланд улсууд эвсэлд үл нэгдэх, төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрээ албан ёсоор зарлаад байна.

Эдгээр улсууд Хойд Атлантын гэрээний байгууллага буюу Өрнөдийн цэргийн эвсэл НАТО-д гишүүнээр элсэх нь үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах нэг гарц гэж үзэж байна. Үүнийг Скандинавын 2 улсын хувьд 200 гаруй жил цэргийн эвсэл үл нэгдэх бодлогоосоо ухарсан түүхэн шийдвэр гэж олон улс дүгнэж байна.

Шведийн засгийн газар НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрээ өчигдөр албан ёсоор зарлалаа. Тус улс ойрын үед НАТО-д гишүүнчлэх өргөдлөө гаргана гэж засгийн газар нь мэдэгджээ. Шведийн парламент НАТО-д элсэх эсэх асуудлыг хэлэлцээд, олонхийн саналаар дэмжжээ. Тус улсын 8 намаас зүүний үзэлтэй 2жижиг нам л эсэргүүцжээ.  Өнгөрсөн 7 хоногт Финланд улс НАТО-д элсэх шийдвэрээ мөн зарласан.

Эдгээр улсуудын иргэд олон нийт 2 дугаар сарын 24-нд Орос Украинд цэргээ оруулахын өмнө НАТО-д элсэхийг эрс эсэргүүцэж байсан бол Украины байдлыг харгалзан НАТО-г түшихийг дэмжих хандлага иргэдийн дунд эрс нэмэгджээ.

Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон: “Швед, улсад НАТО-д гишүүнээр элсвэл өөрийн аюулгүй байдлыг бэхжүүлээд зогсохгүй, Балтийн тэнгисийн бүс нутаг болон НАТО-гийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр болох болно. Мөн бидний гишүүнээр элсэх хүсэлт батлагдвал бид хямрал тулгарах үед НАТО-гийн бүх гишүүн улсаас цэргийн дэмжлэг авах боломжтой болох юм. ”

Эдгээр улсууд НАТО-д гишүүнчлэх өргөдөө гаргасны дараа НАТО-гийн гишүүн 30 улсын хууль тогтоох байгууллага уг өргөдлийг соёрхон батлах үйл явц эхлэх юм. НАТО-д элсэх үйл явц нэг жил хүртэлх хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа ч Украины байдлаас шалтгаалж аль болох богино хугацаанд гишүүнээр авах болов уу гэсэн таамаг байна. Эдгээр улсууд гишүүнчилснээр НАТО-гийн Оросын баруун хил дэх орон зай улам өргөжинө гэсэн үг юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков: “Бид Швед Финландын аль алинтай нь газар нутгийн маргаан байхгүй. Харин Украин НАТОгийн гишүүн болбол Орос НАТО-гийн нэг хэсэгтэй газар нутгийн маргаантай болж, энэ тив бүхэлдээ асар их эрсдэлтэй тулгарах болно. ”

НАТО-гийн анхдагч ,гишүүн орнууд болох Дани, Исланд, Норвеги зэрэг хөрш улсууд нь Швед, Финландыг НАТО-д элсэхээсээ өмнө гаднын ямар нэг халдлагад өртвөл бүх талын тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Мөн Британи НАТО-гийн гишүүний хувиар шилжилтийн үеээ давахад нь Швед Финландад аюулгүй байдлын баталгаа өгөөд байна.  Түүнчлэн АНУ болон Франц улс Швед Финландын НАТО-д элсэх алхмыг таатайгаар хүлээн авч байгаагаа мэдэгджээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Швед, Финланд улсууд НАТО-д элсэх хугацаа наашилж магадгүй  
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй