Шууд Chart

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2022-05-18 19:01:04

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав.  

Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа хэдий ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол үүсэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсарснаар газрын доройтол, цөлжилт эрчимжин, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдаад Монгол УИХ-ын 2020 оны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан. Малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамж, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулах асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуульд заасан хязгаарт багтаан татвар тогтоох эрхийг олгосон гэж байлаа.

Мөн тэрбээр, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэж заасан ч татварын хэмжээг үл харгалзан газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо жил бүр өсөж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь тариалангийн талбайн хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэх, тариалангийн технологи нэвтрүүлэх боломжийг алдагдуулж байна. Мөн тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсгэж байгаа тул газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүсээд байгааг онцлоод Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хэмжээ нь” гэсний дараа “тариалангийн бүс нутагт 0-10000 төгрөг хүртэл, бусад бүс нутагт” гэж нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулан гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн  хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тариалангийн бүс нутагт тогтоох татварын хувь хэмжээний доод хязгаарыг тодорхой тусгах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Мөн цаашдаа хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор малын эрүүл мэндийн зарим зардлыг шийдэх асуудлыг тусгах нь зүйтэй. Засгийн газрын зүгээс хуулийн төслийн зарлага хэсгийг хөндөж, малын эрүүл мэнд, гоц халдварт өвчний санхүүжилтийн асуудлыг шийдэх шаардлагатай гэж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлалттай энэ цаг үед малын хөлийн татварыг авах зайлшгүй шаардлагатай байгааг онцлоод цаашид хуулийг хэрэгжүүлэхэд малын хөлийн татварыг жигд авахад анхаарах нь зүйтэй гэв. Тэрбээр, зарим суманд 500 төгрөгийн татвар төлдөг зарим нь 0 төгрөгийн татвар төлөөд байвал бэлчээрийн талхлалтын асуудлыг шийдэх боломжгүйд хүрнэ. Тиймээс  хуулийн төслийн хүрээнд татварын хувь хэмжээний дээд хязгаарыг тавихаас илүүтэй доод хязгаарыг нь тодорхой болгох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг сангалын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  58.3 хувь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

 


Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй