Шууд Chart

Япон улс групп жуулчин хүлээн авч эхэллээ

2022-05-18 11:01:27

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Т.Ватанабэтэй уулзав.

Уулзалтын эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсын Газар дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайдад Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндийг хүргээд, дараагийн 50 жилд хоёр орны харилцаа бүхий л салбарт шинэ шатанд хүрч, хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг хамтатган уламжлав.

Ташрамд дурдахад, 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсон бөгөөд энэ жил 50 жилийн ой тохиож байгаа билээ.

Талууд үргэлжлүүлэн аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид урт удаан хугацаанд тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, бүс нутгийн аялал жуулчлал, эдийн засгийг сэргээх чиглэлээр харилцан хамтран ажиллахаар болсон юм.

"Ковид-19" цар тахлын эрчим намжиж байгаа хэдий ч аялал жуулчлалын салбар хэвийн түвшинд хүрч ажиллах хүртэл тодорхой цаг хугацаа шаардаж байгааг Япон улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Т.Ватанабэ яриандаа дурдаад, тус улсын хувьд цөөн тооны групп аялал жуулчлалыг тавдугаар сарын 17-ний өдрөөс албан ёсоор зөвшөөрч, хилийн хяналтыг үе шаттайгаар сааруулахаар төлөвлөж байна гэж ярив. Түүнчлэн цаашид Япон Улс цар тахлаас улбаалсан хилийн хяналт, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг шат дараатай сааруулах чиглэлээр анхаарч ажиллаж байна гэсэн юм.

Түүнээс гадна Ковид-19 цар тахлаас өмнө буюу 2019 онд Монголоос Япон Улсад 31 мянган жуулчин, харин Японоос Монгол Улсад 24 мянган жуулчин харилцан зочилж байсан бол энэ жил манай улсын 1685 жуулчин Япон улсад иржээ. Тиймээс цаашид хоёр орны жуулчдыг урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх чиглэлээр анхаарч, хамтран ажиллах саналтай байгаагаа Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Т.Ватанабэ илэрхийлж байв. Мөн тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ Монгол Улсыг гадаадад тэр дундаа Япончуудад таниулах асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлоод, намар есдүгээр сард тус улсад болох аялал жуулчлалын үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч оролцохыг урьсан юм.

Уулзалтын төгсөлд талууд хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлын талаар ярилцаж, санал нэгдэв. Уг уулзалтад Япон Улсад суух элчин сайд Д.Батжаргал, ЭСЯ-ны зөвлөх У.Өлзийням нарын албаны төлөөлөл оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


Япон улс групп жуулчин хүлээн авч эхэллээ  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй