Шууд Chart

Элчин сайд Б.Энхсүх Олон улсын далайн байгууллагад Итгэмжлэх захидлаа гардууллаа

2022-05-18 11:08:34

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх 2022 оны тавдугаар сарын 16-нд НҮБ-ын төрөлжсөн байгууллага Олон улсын далайн байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдсон Итгэмжлэх захидлаа тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лимд гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Энхсүх Монгол Улс далайн эрх зүйн салбарын 30 гаруй олон улсын конвенцод нэгдсэн орж, үндэсний хууль, тогтоомжийг далайн эрх зүйн олон улсын конвенцын зохицуулалттай нийцүүлэх чиглэлээр Засгийн газар тусгайлан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгааг танилцуулан, Монгол Улсын “Далай ашиглах тухай хууль”-ийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгааг онцлов.

Түүнчлэн тус уулзалтаар Элчин сайд Б.Энхсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим нар Монгол Улсын далайн тухай хууль, тогтоомжийг шинэчлэх, энэ салбарт хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, тус байгууллагын үйл ажиллагаанд  Монгол Улсын оролцоог идэвхжүүлэн ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим Байнгын төлөөлөгчөөр ажиллах болсон Элчин сайд Б.Энхсүхэд баяр хүргэж, Монгол Улсад техникийн дэмжлэг үзүүлэх боломжит салбаруудын талаар санал солилцов.


Элчин сайд Б.Энхсүх Олон улсын далайн байгууллагад Итгэмжлэх захидлаа гардууллаа  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй