Шууд Chart

Жозеф Байден цагаан арьстнуудыг эрхэмлэх үзлээс татгалзахыг америкчуудад уриалав

2022-05-18 13:29:40

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден өнгөрөгч амралтын өдрөөр буутай этгээд халдлага үйлдэж, хар арьстай 10 хүний аминд хүрсэн Нью-Йорк мужийн Буффало хотод мягмар гарагт очсон байна.

Тэрбээр энэ үеэрээ цагаан арьстнуудыг эрхэмлэх үзэл “асар хор уршигтай” гэж мэдэгджээ.

Буутай этгээд хар арьстнууд голдуу амьдардаг дүүрэгт, их дэлгүүр дотор хүмүүс рүү буудсан хэрэг бямба гарагт гарсан юм. Гэмт хэрэгтэн 18 настай Пейтон Гендрон дуулгандаа камер суурилуулж, халдлагыг интернэтээр шууд цацжээ.

Мөрдөн байцаагч нар түүний бичсэн байж болзошгүй бичиг баримтуудад үзлэг хийж байна. Цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүдийн дунд түгээмэл байдаг үзэл ойлголтуудыг бичиж тэмдэглэсэн зүйл тэр дунд нь байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Жилл Байден нар халдлагад амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан байна.

Ерөнхийлөгч Жозеф Байден энэ үеэр үл тэвчих үзэлтнүүдийн эсрэг тэмцэж, арьс өнгөөр ялгаварлах үзэл санаанаас татгалзахыг уриалжээ.

“Үзэн ядах үзэлтэй цөөнхөөс” болж улс үндэстэн сэвтэх учиргүй гэж тэр хэлсэн байна. Түүнчлэн Конгресс дахь хууль тогтоогчдод хандан, буу худалдаж авч байгаа хүмүүсийн мэдээллийг илүү нарийн шалгаж нягтлах, мөн цэргийн зориулалттай буу зэвсэг борлуулахад хориг хязгаар тавих хуулийн зохицуулалт хийх уриалга дэвшүүлжээ.

Жозеф Байдений өөрийн Ардчилсан намын олонх гишүүн түүний эдгээр саналыг дэмждэг. Харин хууль болгон батлахад тэдний саналын тоо нь хүрэлцдэггүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жозеф Байден цагаан арьстнуудыг эрхэмлэх үзлээс татгалзахыг америкчуудад уриалав  
Үзсэн: 445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй