Шууд Chart

Умард Солонгост вирусний халдвар нэмэгдсээр байна

2022-05-18 13:53:02

Умард Солонгосын эрх баригч намын улстөрийн товчоо өнгөрөгч пүрэв гарагаас хойш өчигдөр дөрөв дэх удаагаа шуурхай хуралджээ. Умардын цахилгаан мэдээний төв агентлагаас лхагва гарагт уламжилснаар удирдагч Ким Жо Ун хуралдааны үеэр албан тушаалтнуудыг цар тахлаас урьдчилан сэргийлэх, газар авахуулалгүй дарах “бэлтгэлгүй”, “салан задгай” байдалд буруутгасан байна.

Сүүлийн мэдээгээр, тус улсад халуурч, ханиалгасан шинж тэмдэг бүхий 232 880 хүн шинээр бүртгэгдэж, долоон хүн нас баржээ. Нас барсан хүний нийт тоо 62 болсон бол 1.7 сая гаруй хүн халдвар авсан тухай Умардын Вирустэй тэмцэх төв албанаас мэдээлсэн байна.

Мөн нэг сая гаруй хүн эдгэрч эрүүл болсон, 700 мянгаад хүн “эмчилгээ” хийлгэж байгааг мэдээлэлд дурдсан байна.

Гадны шинжээчдийн үзэж байгаагаар, Умард Солонгост дэгдсэн өвчлөлийн дийлэнх хувь нь "Ковид-19"-тэй холбоотой боловч шинжилж тогтоох боломж хязгаарлагдмал байдлаас үүдэн маш цөөн хувь нь "Ковид" эсвэл "Омикрон" хувилбар хэмээн батлагдаж байгаа юм байна.

Умард Солонгосын эрүүл мэндийн систем төдийлөн сайн хөгжөөгүйн дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцинуудаас огтын хэрэглээгүй тул 26 сая хүн амтай тус улс цар тахлыг бүрэн хяналтдаа авах боломжгүй болж, улам хүнд үр дагавартай тулгарч болзошгүй гэж олон улсын мэргэжилтнүүд санаа зовниж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгост вирусний халдвар нэмэгдсээр байна  
Үзсэн: 515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй