Шууд Chart

Францад Каннын кино наадам эхэллээ

2022-05-18 14:20:08

Мягмар гарагт Францад Каннын кино наадам улаан хивсний ёслолоор нээлтээ хийжээ. Дайныг эсэргүүцэх үзэл санааны илэрхийлэл болгон Орос болон Украины тухай кинонуудыг наадмын үеэр өргөн толилуулах юм байна.

Цар тахлын улмаас хоёр жил завсарласан наадмыг энэ жил уламжлалт баяр ёслолын уур амьсгалтайгаар зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч Украины байдалтай холбоотойгоор зарим нэг өөрчлөлт зайлшгүй орж таарсан байна.

Наадмын нээлтэд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский цахимаар оролцож үг хэлжээ. Мөн Каннын наадмын зохион байгуулагчид Украин дахь үйл явдлаас үүдэн Оросын Засгийн газартай холбоо хамаарал бүхий хүмүүсийг наадамдаа оролцуулахгүй байх шийдвэр гаргасан байна.

Гэхдээ Каннын наадмын гол шагнал “Алтан дал модны мөчир” шагналд нэр дэвшсэн бүтээлүүд дунд Оросын найруулагч Кирилл Серебренниковын “Чайковскийн эхнэр” нэртэй кино багтсан байна.

Энэ найруулагч Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилдэг, Оросын нийгмийг шогчилсон үзүүлбэр шоу бүтээдгээрээ нэрд гарсан уран бүтээлч юм байна.

Мөн бүслэлтэд байгаа Украины Мариуполь хотод авсан баримтат киног наадамд толилуулах юм байна.

“Мариуполис -2” нэртэй энэ кинонд Литвийн найруулагч Мантас Кведаравичусын өнгөрсөн сард Оросын цэргүүдийн гарт амь үрэгдэхээсээ өмнө авсан кадрууд багтжээ.

Энэ удаагийн наадамд Японы хэд хэдэн кино нээлтээ хийхээр төлөвлөсөн байна. Тэдний нэг Японы найруулагч Корээда Хироказу “Брокер” нэртэй, Өмнөд Солонгост хийсэн киногоо наадамд сойжээ.

2018 онд “Дэлгүүр тоногчид” киногоороо “Алтан дал модны мөчир” шагнал хүртэж байсан найруулагч энэ жил бас чамгүй өндөр найдвар төрүүлж байгаа уран бүтээлчийн нэгд тооцогдож байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францад Каннын кино наадам эхэллээ  
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй