Шууд Chart

Байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулах чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав

2022-05-19 17:42:47

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Дэ нэйче консерванси (TNC) байгаль хамгаалах төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Монголын биологийн олон янз байдлын ирээдүй сан төрийн бус байгууллага нар харилцан ойлголцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Харилцан ойлголцлын санамж бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж болон холбогдох албаныхан хамтран байгуулав.

Санамж бичиг байгуулах уулзалтад БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж үг хэлэхдээ "Монгол Улсад байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, Парисийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний тодорхойлсон хувь нэмрийн дасан зохицох бодлогын зорилтуудад хүрэхэд жилд дунджаар 10 орчим сая доллар буюу 28 тэрбум төгрөгийн эх үүсвэр тодорхойгүй буюу дутагдаж байгааг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр 2021 оны судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн Монгол улсын Алсын Хараа 2050 урт хугацааны бодлогод байгаль орчны санхүүжилтийн тогтолцоог хувийн хэвшил, санхүүгийн салбарын оролцоонд түшиглэн боловсронгуй болгох зорилтууд тусгагдсан байдаг.

Олон улс болон хувийн хэвшил зэрэг бусад эх үүсвэрээс санхүүжилтийг бүрдүүлж Монгол улсын байгаль орчны хамгаалахад хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалтын нэг шийдэл нь байгаль хамгаалах итгэлцлийн сан юм. Байгаль хамгаалах итгэлцлийн сан нь олон эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлж, тэдгээрийг байгаль орчныг хамгаалахад чиглэсэн төсөл, хөтөлбөр, санаачилгыг тогтвортой санхүүжүүлэгч, төрөөс хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг байх ёстой.

Иймд “Байгаль хамгаалах итгэлцлийн сан”-г байгуулахад судалгаанд үндэслэн, олон талуудын оролцоог хангасан, ил тод нээлттэй байхад анхаарч үйл ажиллагааг олон улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу тогтвортой явуулах шаардлагатай юм. 

БОАЖЯ, Сангийн яам болон НҮБХХ хамтран хэрэгжүүлж байгаа “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төсөл нь “Байгаль хамгаалах итгэлцлийн сан (БХИС)”-г олон улсын стандартын дагуу хөгжүүлж, бэхжүүлэх хууль эрхзүйн орчны судалгааг хийж бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Мөн Дэ нэйче консерванси байгаль хамгаалах төрийн бус байгууллага олон улсад амжилттай хэрэгжиж байгаа сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд санал, санаачилга гаргаж суурь судалгаа тооцоолол боловсруулсан байна.

Монгол Улсад байгаль хамгаалах итгэлцлийн санг байгуулахад хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын зурж байгаа Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэ нэйче консерванси, Байгаль хамгаалах төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын биологийн олон янз байдлын ирээдүй сан ТББ-т, санг байгуулахад НҮБХХ хамтран хэрэгжүүлж буй “Биологийн Олон Янз байдлын санхүүжилтийн санаачилга” төсөлд талархал илэрхийлье.

Энэ сангийн үйл ажиллагаа нь байгаль орчны тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, биологийн төрөл зүйлийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яам нь уг санг байгуулах, хөрөнгийг үр дүнтэй зарцуулалт, ил тод тайлагнах, ажлын албыг чадавхижуулах, хөрөнгийн эх үүсвэрийг төрөлжүүлж санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, хууль эрхзүйн хүрээнд, олон улсад итгэл хүлээсэн, хүлээн зөвшөөрсөн үндэсний сан бий болгох бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулж та бүхэнтэй хамтран ажиллана" гэлээ.

Санамж бичиг байгуулснаар биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг таслан зогсоох, Монгол Улсын төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тогтвортой санхүүжилтээр хангах боломж бүрдэх юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


Байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулах чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй