Шууд Chart

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ

2022-05-20 08:15:47

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүнээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч гишүүн М.Оюунчимэг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар тус тус танилцуулав.

Банк бус санхүүгийн салбар нь 2021 оны жилийн эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 534 Банк бус санхүүгийн байгууллага нь 331 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3,976 ажилтантайгаар Монгол Улсын 21 аймаг, 8 дүүрэгт давхардсан тоогоор 4.8 сая харилцагч, 1.7 сая зээлдэгчид хүрч үйлчилж байна. Салбарын статистик үзүүлэлтүүд нь сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж нийт харилцагчдын тоо 69.5 хувиар, зээлдэгчдийн тоо 112.9 хувиар, нийт актив 135 хувиар, зээл 151 хувиар тус тус өссөн байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль нь анх зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдахаас өмнө 2002 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан бөгөөд батлагдснаас хойш нийт есөн удаа бусад хууль тогтоомжийн нийцэлтэй уялдуулан нэмэлт, өөрчлөлт орсон гэв.

Монгол Улсын санхүүгийн салбарт тэр дундаа банк бус санхүүгийн салбарын хөгжил нь финтек буюу санхүүгийн технологитой салшгүй холбоотойгоор тодорхойлогдож байна. Банк бус санхүүгийн байгууллагын салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу финтекийг өргөнөөр нэвтэрч байгаа бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар 28 Банк бус санхүүгийн байгууллага нь  финтек зээлийн бүтээгдэхүүн гарган ард иргэдэд хүргэж байна. Технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж, салбарын харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн, төрөөс үзүүлж буй тусгай зөвшөөрлийн тоог бууруулсан, салбарын хөгжлийн чиг хандлагыг олон улсын жишигт нийцүүлсэн хууль эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй нөхцөл байдал энэхүү банк бус санхүүгийн салбарт тулгараад байгааг М.Оюунчимэг гишүүн танилцуулгадаа онцлов.

Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын салбарын үйл ажиллагаанд нэн тааламжтай орчинг бий болгох, санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх замаар санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэх, хяналтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, салбарыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар;

    1.ББСБ нь олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломж бүрдэнэ;

    2. Салбарын оролцогчдыг чадавхжуулж, төрөлжсөн институт болно;

    3. Финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх орчин бий болно;

    4. Компанийн засаглалын ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт бий болно;

    5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжирна;

    6. Зохицуулагч байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн хяналт шалгалт хийх эрх орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм байна.  

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нараас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Технологийн эрин үед банк бус санхүүгийн байгууллагууд нь санхүүгийн зах зээлд технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдэд хүргэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, оролцогчдыг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах, эзэмшигч, хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх зүйн орчинг бүрдүүлэх, зохицуулагч байгууллагын эрх, үүргийг оновчтой болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн салбарын зээлийн хүү буурах, давхардсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалт тодорхой болох, холбогдох төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаа сайжрах, улмаар нэгдсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх зэрэг нийгэм, эдийн засаг, хууль зүйн таатай үр дагавар үүснэ гэж төсөл санаачлагч үзсэнийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулгадаа дурдаад Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70 хувиар дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Ш.Адьшаа, Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Б.Энх-Амгалан, Ж.Сүхбаатар, Д.Өнөрболор, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 5.5 дугаар заалтад “Шашны  болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага, Иргэний хуулийн 36 дугаар зүйлд заасан этгээд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, хувьцаа эзэмшихийг хориглоно” гэсэн байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.2-т “Улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэсэн байсан. Гэтэл хуулийн төсөлд улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг хассанаар улсын төсвөөс санхүүждэг байгууллагууд банк бус санхүүгийн байгууллага байгуулах эрх нь нээгдэж буй нь байж боломжгүй асуудал гэж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд, төсвөөс санхүүждэг байгууллагууд банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж болохгүй. Гадаадаас Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэг байгууллагад зориулж хуулиа өөрчилж болохгүй. Нөгөө талаас төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын чадавх, нэр хүнд, үйл ажиллагааны талаарх маргаантай асуудал их байхад банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхийг хуулиар зөвшөөрвөл мөнгө иддэг, завшдаг нүх нээгдэж магадгүй  гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдсанаар банк бус санхүүгийн байгууллагын хүү хэдэн хувиар, хэрхэн бууруулахыг илүүтэй лавлахын зэрэгцээ Хадгаламж зээлийн хоршооны  түүхийг давтахгүйн тулд ямар зохицуулалт тусгасныг лавлаж байлаа.

Төсөл санаачлагч гишүүн М.Оюунчимэг хариултдаа, банкнаас зээл авах шалгуур өндөр байгаа тул иргэд банк бус санхүүгийн байгууллагаас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна гэсэн шүүмжлэл байгаа нь үнэн.  2021 оны жилийн дунджаар авч үзэхэд 12,9 хувийн хүүтэйгээр 139 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Бид банк бус санхүүгийн байгууллагыг олон талт санхүүгийн үйлчилгээтэй болгох, хөрөнгийн удирдлагыг бий болгох, мэргэшүүлж институт болгосноор энэ хүрээнд банк бус санхүүгийн байгууллагын хүү буурна гэж үзэж байна гэв. 

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн бүтцийг судалж үзэхэд хүүгийн зардлын 42 хувийг үйл ажиллагааны, 32.6 хувь нь эрсдэлийн зардал эзэлж байна. Уг байгууллагуудын зээлийн хэмжээ бага учир нэг зээлд оногдох үйл ажиллагааны зардал өндөртэй байна гэж хариулж байлаа. Мөн тэрбээр хүүг бууруулахад олон хүчин зүйл нөлөөтэй. УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолд анх удаа Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг банк бус санхүүгийн байгууллагуудыг оруулж, зээлийн хүүг үе шаттайгаар буулгахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цаашдаа банк бус байгууллагын засаглалыг сайжруулах, шүүх хяналтын байгууллагаар явах үйл ажиллагааны зардлыг бууруулах, технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаснаар үйл ажиллагааны зардал буурна. Энэ хүрээнд зээлийн хүү буурна гэж тооцож байна гэлээ.

Мөн Ажлын хэсгийн зүгээс Хадгаламж зээлийн хоршоо гишүүдээсээ тодорхой хэмжээний хадгаламж татаад гишүүддээ чиглэсэн зээлийн үйл ажиллагаа явуулдаг байсан бол банк бус санхүүгийн байгууллага зөвхөн өөрийн хөрөнгөөр бусдад зээл болон санхүүгийн үйл ажиллагаа үзүүлдгээрээ ялгаатай. Одоо банк бус санхүүгийн байгууллагын нийт олгож байгаа зээлийнх нь 67-68 хувь нь өөрийн хөрөнгө буюу эздийн мөнгө. Үлдсэн 30 орчим хувь нь итгэлцэл, хаалттай өрийн бичиг болон бусад эх үүсвэрээс татсан хөрөнгөнөөс зээл олгож байна. Тиймээс өөрийн хөрөнгөөр зээл, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас хадгаламж зээлийн хоршооноос ялгаатай гэж байлаа.  

Ингээд чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ  
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй