Шууд Chart

БНАСАУ-д вирусын халдвартай хүний тоо 2,2 саяас давжээ

2022-05-20 14:23:45

БНАСАУ-д ханиадны вирусээр халдварласан хүмүүсийн тоо 2,2 саяас давж, хоногт 263 мянган хүнээр нэмэгдсэн тухай тус улсын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээллээ. Коронавирусын халдварын сэжиг бүхий 740 мянгаад хүнийг тусгаарлаж хөл хорьсон, хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүст зарим төрлийн ургамлын гаралтай цай уухыг зөвлөж байгаа юм байна.

Хот хоорондын хөл хөдөлгөөн хаагдсан, армийн эмнэлгийн албаныхан эм зөөвөрлөж хүргэх ажилд дайчлагдаж, ажилчдыг хэдэн зуугаар нь үзлэг шинжилгээнд хамруулж байна. Мөн амьсгал давчидсан, цустай ханиалгасан хүмүүсийг тусламж эрж хандахыг уриалсан сурталчилгаа төрийн төв телевизээр нь гаргаж байгаа аж.

Дөрөвдүгээр сарын сүүлээс хойш эрчимтэй тархаж байгаа ханиадны тархалтын улмаас өнөөдрийн байдлаар 63 хүн нас барж, 740 мянгаад хүн хөл хорионы дэглэмд байгаа тухай Умард Солонгосын эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Гэвч халдварын тохиолдлууд ингэж нэмэгдсээр байгаа боловч "КОВИД-19"-ийн батлагдсан нийт тохиолдлын тоо 168 хэвээр байна.

Энэ тоо үнэн баттай гэдэгт гаднын олон шинжээчид эргэлзэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Цар тахлын бодит тоо баримтыг ийнхүү илтэд дарж байж болзошгүй байгаа нь олон нийтийн эсэргүүцэл дэгдэж, удирдагч Ким Жон Уны засаглалыг ганхахад хүргэж болзошгүй гэдэг болгоомжлолтой холбоотой байх гэж олон улсад дүгнэж байгаа юм.

Түүний сацуу цар тахлын нөхцөлөө үл хамааран Умард Солонгос улс эм эмнэлгийн тусламж нийлүүлэх гаднын санал санаачилгад хариу өгсөн мэдээлэл одоогоор байхгүй байгаа.

Тус улсад өвчний дэгдэлт улам газар авч, суурь өвчтэй асар олон хүний амь насанд аюул учирч болзошгүй байгаад сэтгэл зовниж байгаагаа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мягмар гарагт мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-д вирусын халдвартай хүний тоо 2,2 саяас давжээ  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй