Шууд Chart

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2022-05-21 11:10:22

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа.

Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан ч одоогийн мөрдөгдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон хэмээлээ.

Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрч эрчимтэй хөгжиж байгаа, сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа орсон иргэдийн тоо нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг, хорт хавдар, осол гэмтэл орж байгаа аж.

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийснээс хойш 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна. Мөн нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багуудыг байгуулж, бэлтгэл ажлыг нь ханган ажиллаж байна гэлээ.

Тэрбээр, Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зохион байгуулсан хэлэлцүүлэгт ЭМЯ, ХНХЯ, ЭМДЕГ, ЭМХТ, НЭМГ, АШУҮИС, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЦССҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, Үр шилжүүлэн суулгах төвүүд, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо ТББ, Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооны төлөөлөл оролцсон.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, донорын насыг 21 болгох, донорын талархлын өдрийг зохион байгуулах, амьгүй донорын гэгээн дурсгалыг хүндэлдэг байх, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэхээс үл хамаарч оршуулгын тэтгэмж үзүүлдэг байх гэсэн саналуудыг дэвшүүлж байсан.

Мөн амьд донорыг ажлын хамт олон дунд таниулан ойлгуулах, ажлын нөхцөлийг нь тодорхой хугацаагаар хөнгөвчлөх, шаардлагатай бол эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, бэлгийн эсийн донор, эсийн банк байгуулах тухай асуудлыг шийдвэрлэх тухай санал гаргажээ.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэж, эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болох юм байна. Мөн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллаж, Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бий болох аж. Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болж, амьд донорыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах, амьгүй донорын оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгох боломжтой болох юм байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар доноруудын эрх ашгийг хамгаалах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хуулийн төслийг хэлэлцэн баталснаар гадаадад эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй иргэдийн урсгалыг багасгаж чадах эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор хүлээгдэж байгаа өвчтөний бие цаг алдсаны улмаас улам дорддог, иймд хагалгааны дарааллыг хэрхэн тогтоодог талаар болон цаашид эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг ашиглалтад оруулах, орны хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах талаар асуулт асууж, хариулт авсан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг Засгийн газраас салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа тул Улсын Их Хурлын гишүүд төсөлд саналаа тусгахдаа нотолгоонд суурилах шаардлагатай талаар саналаа илэрхийлжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр буюу 100 хувийн саналаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдааны төгсгөлд Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй