Шууд Chart

ОХУ Украины Мариуполь хот болон Азовсталь гангийн үйлдвэрийг бүрэн чөлөөлснөө зарлав

2022-05-22 10:19:10

ОХУ-ын батлан хамгаалах яам Украины боомт хот Мариуполийн Азовсталь гангийн үйлдвэрийг хамгаалж байсан Украины армийн 2439 цэрэг бууж өгснийг зарласан тухай Ассошейтэд Пресс, Аль Жазира, ТАСС зэрэг хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, "Украины армитай олон сар тэмцсэний эцэст гангийн үйлдвэр болон Мариуполь хот бүхэлдээ Оросын зэвсэгт хүчний хяналтад бүрэн орсон" гэж Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шоигу өчигдөр мэдэгдсэн байна.

Харин Украины ерөнхийлөгч Зеленский, "Үйлдвэрт үлдсэн цэргүүдийг сүүлчийн бэхлэлтээ орхихыг зөвшөөрсөн, армийн командлалаас цэргүүдийг үйлдвэрээс гарч, амь насаа аврах тушаалыг өгсөн" гэж баасан гарагийн өглөө Украины телевизээр мэдэгдсэнийг BBC иш татсан байна.

Оросын батлан хамгаалахын сайд ерөнхийлөгч Путинд илтгэхдээ, "Гангийн үйлдвэр болон Мариуполь хотыг бүхэлд нь чөлөөлсөн, ойрын үед Луганскийн бүс нутгийг чөлөөлнө" гэж мэдэгджээ. Азовсталь нь сүүлийн 2 сар гаруйн хугацаанд Украины армийн сүүлчийн түшиц газар нь болж байсан юм.

Харин Украины батлан яамнаас арми нь сөрөх довтолгоонд орж, Оросын цэрэг болон зэвсэг техникт их хэмжээний хохирол учруулж байгаа талаар мэдэгджээ. Тухайлбал, Донбассад 14 удаа дайралт хийж, Оросын армийн 8 танкийг устгасан тухайгаа мэдээлсэн байна.

Сергей Шоигу, Финланд Шведийн НАТО-д элсэх тухай асуудалтай холбогдуулж Оросын баруун бүсийн цэргийн тойрогт 12 анги дивиз байгуулж, орчин үеийн зэвсэг техникээр хангахаар төлөвлөж байгааг мэдэгджээ. Харин энэ үеэр Финландын байгалийн хийн төрийн өмчит компанид Орос улс бямба гарагаас эхлэн байгалийн хий өгөхөө зогсоосон гэж мэдэгджээ.

Үүнийг Оросын Газпром компани баталсан байна. Үүнээс өмнө Москва Финландад өгдөг эрчим хүчний экспортоо мөн зогсоосон юм. ОХУ Өрнөдийн орнууд Украинд зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлж байгааг ширүүн шүүмжилж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Украины Мариуполь хот болон Азовсталь гангийн үйлдвэрийг бүрэн чөлөөлснөө зарлав   
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй