Шууд Chart

Сармагчны цэцэг өвчний халдвар Израиль, Швейцар, Австри улсуудад илэрлээ

2022-05-23 13:03:16

Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол Израиль, Швейцар, Австри улсуудад шинээр илэрсэн байна. Ингэснээр сармагчны цэцэг өвчний халдвар батлагдсан орнуудын тоо 15 болж нэмэгдлээ.

Тодруулбал, Израиль, Швейцар улсуудад бүртгэгдсэн тохиолдлууд саяхан хилийн чанадад аялаад ирсэн иргэдээс илэрсэн байна. Мөн Израильд хэд хэдэн сэжигтэй тохиолдлыг судалж байгаа аж. Сармагчны цэцэг өвчин хүн хооронд хурдан тархдаггүй, ихэнх тохиолдол нь хөнгөн шинж тэмдэгтэй байдаг бөгөөд төв болон Баруун Африкийн алслагдмал бүс нутагт хамгийн түгээмэл илэрдэг.

Одоогоор Европын тивийн орнууд болон Америк, Канад, Австралид 80 гаруй тохиолдол батлагдаад байна. Энэ удаад Африкаас өөр бүс нутгуудад сармагчны цэцэг өвчин илэрсэн нь эрдэмтдийг цочроосон ч олон нийтийн дунд тархах эрсдэл бага. Уг вирусний халдвар авсан хүн хэдэн 7 хоногийн дотор эдгэрдэг гэж Их Британийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон тооны сэжигтэй тохиолдлыг судалж байгаагаа мэдэгдсэн ч холбогдох улс орнуудын нэрийг мэдээлэхгүй байгаа.

Харин халдварын тохиолдол цаашид нэмэгдэж болзошгүйг ДЭМБ-аас сэрэмжлүүлж байна. Энэ сарын эхээр Их Британид сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэний дараа уг вирус Европын улс орнуудад бүртгэгдэж эхэлсэн. Одоогоор Европт Испани, Португали, Франц, Герман, Бельги, Нидерланд, Итали, Швед зэрэг улсуудад илэрсэн тохиолдлууд бүгд батлагдсан байна.

Их Британийн эрүүл мэндийн газар одоогоор 20 тохиолдол илрүүлсэн, тэдгээрээс Баруун Африкт зорчсон хүнтэй ямар ч холбоо, харилцаагүй хүнээс хүртэл илэрсэн нь сонирхолтой тохиолдол болж байна.

Гэхдээ бүх нийтийн дунд тархах эрсдэл тун бага гэж мэдэгдсэн байна. Одоогоор дэлхийн шинжлэх ухааны салбар Сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин гаргаж аваагүй байгаа хэдий ч хэд хэдэн улс салхин цэцэг өвчний вакцин уг вирусний эсрэг нөлөөлж байна гэж мэдээлсэн байна. Энэ 2 вирус хоорондоо төстэй учир цэцэг өвчний вакцин сармагчны цэцэг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх үр дүн 85 хувьтай байдаг аж.

ДЭМБ-ын Европын бүсийн захирал зуны цагт урлаг соёлын наадам, үдэшлэг гэх мэт олон хүн цугласан үйл ажиллагаа их болдог учир сармагчны цэцэг өвчний халдварын тархалт зуны улиралд нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сармагчны цэцэг өвчний халдвар Израиль, Швейцар, Австри улсуудад илэрлээ   
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй