Шууд Chart

“Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” асуудлаар хэлэлцлээ

2022-05-23 19:01:43

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Энэ хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эрдэмтэн, судлаач, хуульчдын санал, зөвлөмжийг сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг ажилласан. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ улс төрийн намууд болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжиж 100 мянган иргэнээс сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын даргад санал, шаардлага ирүүлсэн учир  УИХ-ын даргын захирамжаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулан санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан гээд УИХ-ын даргад ирүүлсэн санал, шаардлагыг танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг улс төрийн намууд болон иргэдээс ирүүлсэн шаардлагуудын үндсэн дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжит ямар хувилбарууд байх вэ, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн болон бусад органик хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийж болох вэ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг судалж буй бөгөөд энэ хүрээнд цуврал хэлэлцүүлэг өрнүүлж буйг мөн хэлсэн үгэндээ дурьдсан.

Түүнчлэн, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш гурван жилийн дараа дахин өөрчлөлт оруулахад хүрвэл чухам ямар үндэслэлүүд байна, эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол ямар сөрөг үр дагаварт хүрэх, өөрчлөлт хийснээр Монголын ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэхэд ямар эерэг үр нөлөө авчрах вэ гэдэг тухайд итгэл үнэмшил бүхий, үндэслэл нотолгоотой дүгнэлтүүдийг гаргах үүргийг Ажлын хэсэг хүлээж буйг дурьдлаа.  

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд мөн үг хэлэв. Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага зайлшгүй байна уу гэдгийг энэ долоо хоногийн туршид эрдэмтэн, судлаачид, хуульчдаас гадна улс төрийн намуудын удирдлагууд, мөн ардчилсан Үндсэн хууль тогтоогчид зэрэг нийгмийн бүлгүүдийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, ярилцах бөгөөд дүнг нэгтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулах талаар болон энэ асуудлыг өнөөгийн хууль тогтоомжтой нийцүүлэн хэрхэн хэлэлцэж болох талаар байр сууриа илэрхийлэв.

Үргэлжлүүлэн хүрэлцэн ирсэн оролцогчид саналаа хэлж, УИХ-ын гишүүдээс хэлэлцүүлгийн сэдвийн дагуу асуулт асууж, хариулт авсан. Д.Үүрцайх, Н.Мягмарцоож, П.Амаржаргал, Т.Туяачимэг, Я.Төгөлдөр, Г.Чулуунбаатар, Б.Гүнбилэг, А.Цанжид нарын эрдэмтэн судлаачид, хуульчид  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийгмийн зөвшилцлийг ханган хийх нь зөв, гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс өмнө Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн батлах шаардлагатай, сонгуулийн тогтолцооноос илүү улс төрийн намын санхүүжилтийг хянах нь чухал асуудал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага бодитоор үүссэн үү гэдэгт нухацтай хандах, хэрвээ тийм шаардлага үүссэн гэж үзэхгүй бол улс төрийн намууд хийгээд иргэдийн тавьж буй шаардлагыг органик хуулиар зохицуулах боломжтой талаар болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буруу гарсныг ямар арга замаар, хэрхэн, яаж засах вэ гэдэгт толгойгоо уралдуулах шаардлагатай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурал ямар л бол ямар хэлбэрээр өөрчлөөд явах эрх нь бий, гишүүдийн тоог нэмж, төвлөрсөн эрх мэдлийг сааруулах шаардлагатай гэх зэргээр өөрсдийн саналаа илэрхийллээ.

Түүнчлэн оролцогчдын зүгээс сонгуулийн тогтолцооны аль хэлбэрийг сонгох талаар Ажлын хэсгийн байр суурийг тодруулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар энэ парламентын олонх буюу Монгол ардын намын бүлэг албан ёсоор санал гаргасан, нэгдсэн байр суурьт хүрсэн асуудал байхгүй, Бүлэг дээрээ албан ёсоор асуудал болгож яриагүй байгаа талаар хэлэв.  

Мөн оролцогчдын санал, асуулттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж буй ч засаглалын хэлбэр солих, хоёр танхимтай парламент бий болох зэрэг асуудлыг хүлээн авах боломжгүй гэдэг ерөнхий ойлголттой байгаа талаар хариуллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирэх лхагва гарагт эл асуудлаар улс төрийн намуудын удирдлагууд, баасан гарагт ардчилсан Үндсэн хууль тогтоогчдыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлэх чиглэлтэй байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


“Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” асуудлаар хэлэлцлээ  
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй