Шууд Chart

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022-05-24 19:14:28

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингээр ахлуулан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг тодотгоод Ажлын дэд хэсэг нийт найм, Ажлын хэсэг хоёр удаа тус тус хуралдсан гэж байлаа.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад бүсийн ойн аж ахуй байгуулах зохицуулалтыг тусгасан байсан нь бүсийн ойн аж ахуйг байгуулахтай холбоотой бүтэц, орон тоо, зохион байгуулалт, нутаг дэвсгэрийн байршил тодорхойгүй, санхүүжилттэй холбогдох судалгаа дутуу хийгдсэн тул Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслөөс хасах зарчмын зөрүүтэй саналыг гаргасан. Түүнчлэн хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан ойн санг эзэмшигч болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаас үнэлгээ хийж, дүгнэлт гаргуулах, магадлан итгэмжлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан нь ойн мэргэжлийн байгууллага нь ямар зорилго, шалгуур үзүүлэлтээр магадлан итгэмжлэгдэх нь тодорхойгүй, мөн Ойн тухай хуулийн холбогдох заалтуудад магадлан итгэмжлэхтэй холбоотой зохицуулалтыг бүрэн тусгах нэмэлт, өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгаагүй тул хуулийн төслөөс хасах зэрэг зарчмын зөрүүтэй саналыг Ажлын хэсэг гаргасан гэдгийг танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Т.Аубакир, Г.Ганболд, Ц.Анандбазар нар асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх Ажлын хэсэг, УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй