Шууд Chart

Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулахаар тохиролцов

2022-05-24 19:47:23

Энэ өдрүүдэд Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон нар 5 дугаар сарын 24-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс, ОУХТ-ийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, тухайлбал тус байгууллагаас манай улсын экспорт, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 2019 – 2023 оны замын зураглалыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, Монгол Улсын худалдааны чадавхыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд хийхээр эцэслэн тохиролцож, ОУХТ-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил, экспортын чадавхыг дээшлүүлэхэд, мөн үүнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан арга хэмжээ зохион байгуулах саналыг тавив.

ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтон дээрх саналыг дэмжиж Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын хүрээнд ирэх 9 дүгээр сард Монгол Улсад айлчлахаа нотолж, цаашид Монгол Улстай хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг өргөжүүлэх, эдийн засгийн хөгжлийн шинэ хуудас болоод буй ногоон эдийн засаг, цахим эдийн засгийг дэмжих, эдгээр салбарт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв.


Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулахаар тохиролцов  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй