Шууд Chart

Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудын саналыг сонслоо

2022-05-25 18:50:56

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг энэ долоо хоногт зохион байгуулж байна.

Өнгөрөгч даваа гарагт (2022.05.23) эрдэмтэн судлаач, хуульчдын саналыг сонссон бол өнөөдөр (2022.05.25) улс төрийн намуудын удирдлагуудын саналыг сонсох ээлжит хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Ирэх баасан гарагт (2022.05.29) ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөөд буй юм.

Цуврал хэлэлцүүлгийн зорилго нь улс төрийн намуудаас болон иргэдийн жагсаал, цуглаанаас гарсан санал, шаардлагын дагуу сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх саналыг сонсоход чиглэж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ажилласан. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриан дор Д.Сүхбаатарын талбайд болсон тайван цуглаанд оролцсон иргэдийн төлөөллөөс УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын нийт гишүүдэд ирүүлсэн шаардлагыг уншиж танилцуулав.

Шаардлагад,

-УИХ-ын сонгуульд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, ингэхдээ хамгийн багадаа гишүүдийн 50 хувийг нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгодог болгох;

-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчсөн, улс төрийн нам байгуулахын тулд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд буюу 20000 гаруй иргэд эвлэлдэн нэгдсэн байхыг шаардсан Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болгох;

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд Үндсэн хуульд нийслэлийн нэрийг тухайлан заахаас татгалзаж, эдийн засгийн тулгуур төв, хотуудыг байгуулах боломж бүрдүүлэх;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, нэгтгэх замаар бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх, төрийн захиргааны зардлыг бууруулах, зах зээлийг зохиомол хил хязгааргүйгээр нэгтгэснээр орон нутагт ажиллах, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх;

-Аливаа хотын даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийнх нь саналаар сонгодог болгох гэсэн чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тусгасан байна. Мөн УИХ-ын гишүүдийн тоог дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын засаглалтай орнуудын жишигт хүртэл нэмэгдүүлэх эсэх;

-УИХ-ын гишүүд сайдын албан тушаал хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөх эсэх;

-Улсын Их Хурлыг хамтын хариуцлага хүлээлгэж, Ерөнхий сайдаа дэмжих олонхгүй болсон тохиолдолд Ерөнхий сайдын саналаар Ерөнхийлөгч тараах бодит боломжийг бүрдүүлэх эсэх;

-Ерөнхийлөгчийг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгон ирүүлсэн зохих тооны төлөөлөгчдийг оролцуулан УИХ-ын өргөтгөсөн чуулганаас сонгох эсэх зэрэг асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлж, зохих санал, дэмжлэгийг авсны үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг УИХ-аар хэлэлцэн, шийдвэрлэх шаардлага тавьжээ. Түүнчлэн шаардлагуудыг бодит ажил хэрэг болгохын тулд дээр дурдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэх асуудлын дараалалд оруулан хэлэлцэж,  Улсын Их Хурлыг ажлын тав хоногт завсарлуулан, гишүүд тус бүрээр тус тусын тойргийнхоо иргэдэд танилцуулах ажлыг гүйцэтгүүлэх замаар хэлэлцүүлгийг яаралтай зохион байгуулах, шаардлагын хариуг ажлын тав хоногт багтаан өгөхийг шаардан, заасан хугацаанд хариу эс өгвөл Улсын Их Хурлыг тараах дараагийн шатны тэмцлийг хийх болно гэсэн байна.  Дээрх шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон цөөнхийг төлөөлсөн гишүүд, улс төрийн намуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов. УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улс төрийн 20 гаруй намын төлөөлөл оролцон хэлэлцүүлэг хийсэн талар болон хэлэлцүүлгээс гурван чиглэлээр шаардлага гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн талаар хэллээ. Тэрбээр мөн хэлэлцүүлгээс хөгжлийн бодлого, зорилгод нийцсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн зэрэгцээ Сонгуулийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтын тухай хууль болон бусад холбогдох хуулийн хэлэлцүүлэг, шаардлагатай өөрчлөлтийг цогцоор нь хийх,  УИХ-ын өнгөрсөн найман удаагийн сонгуулийн долоод нь хэрэглэж, өнөөгийн нөхцөлд хүргэсэн мажоритар буюу олонхыг төлөөлөх сонгуулийн тогтолцоог нэн тэргүүнд өөрчилж, парламентын ардчилалтай, хөгжингүй орнуудын нийтлэг жишгээр хувь тэнцүүлэх сонгуулийн тогтолцоог бий болгох зэрэг шаардлага гаргаж, хүргүүлсэн хэмээв.

Үргэлжлүүлэн нийт оролцогчдын дунд нээлттэй ярилцлага өрнүүлэн, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсний дараа  УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэлцүүлгийг хааж дүгнэлт хэлэв. Тэрбээр улс төрийн 26 намын дарга, төлөөлөл хүрэлцэн ирж, давхардсан тоогоор 21 хүн үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн гээд улс төрийн намуудын төлөөлөл ерөнхийдөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юм байна. Тухайлбал, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат дэмжиж байна, гэхдээ тооцоо судалгааг сайн хийх, Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг шинэчлэе гэвэл зоригтой хөдлөх хэрэгтэй, хоёр танхимтай парламенттай болохыг дэмжиж байна, Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл дэмжиж байна, Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт өөрсдөдөө зориулж хууль өөрчилж болохгүй шүү, гэхдээ дэмжиж болно гэдгээ илэрхийллээ. Хөгжлийн хөтөлбөрийн намын Нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол цаашаа явах боломжгүй болсон, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байна, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өөрчлөлтийг хийвэл хийсэн шиг хий, Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэсэн агуулгаар үг хэллээ.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Т.Төмөрсүх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудаа илүү тодорхой болговол улс төрийн намууд дэмжих боломжтой, өөрчлөхөөр бол 6.2 дах заалтыг өөрчлөх хэрэгтэй, Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа хэрвээ өөрчлөхөөр бол мөн 6.2 дахь заалтыг өөрчлөх, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат хэрхэн өөрчлөх талаар эрх баригч нам саналаа гаргаж тавиад хэлэлцүүлэгт оруулах хэрэгтэй гэсэн агуулгаар саналаа хэлсэн бол Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар өөрчилснөөр ирээдүйн хөгжлийг авчрана гэдэгт хатуу байр суурьтай байдгаа, Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ард иргэд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын саналыг сонссоно, өөрчлөнө гэх юм бол өөрчилж болно гэсэн санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь нар Ардчилсан намын бүлгийг төлөөлж үг хэлсэн. С.Одонтуяа гишүүн дэмжиж буй байр суурь илэрхийлсэн, ХҮН намын дарга Т.Доржханд дэмжинэ гэдгээ тодорхой хэлж, уриалан, улс төрийн байр суурь илэрхийллээ гэв.  

Тэрбээр мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэгт Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар 2022 оны 5 дугаар сарын 30-ны дотор Улсын Их Хуралд дүгнэлтээ танилцуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. 30-ны дотор дүгнэлтээ танилцуулснаар цаашид үргэлжлэх үйл явц тодорхой болно хэмээв.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төгсгөлд нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан зэрэг зарим нэг улс төрийн намын удирдлагын хэлсэн үгнээс УИХ-ын дарга Үндсэн хуулийн өөрчлөлтөд саад болж байна гэсэн ойлголт төрлөө. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийг, тэр дундаа сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бүрэн дэмжиж байгаа. Тиймээс ч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан Ажлын хэсгийг шуурхай байгуулж, цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж буйг тодруулж хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудын саналыг сонслоо  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй