Шууд Chart

БНАСАУ өнөө өглөө гурван удаа баллистик пуужин харважээ

2022-05-25 14:33:26

Умард Солонгос улс өнөө өглөө наанадаж хоёр удаа пуужин харвасан тухай Японы Засгийн газраас мэдээллээ. Японы Батлан хамгаалах яам улсынхаа Эргийн хамгаалалтын албаныхнаас өгсөн мэдээлэлд тулгуурлан эхний пуужин 06:04 цагт, үүнээс 40 минутын дараа дахин нэг пуужин харвасан гэж мэдээлж байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос цэргийнхэн Умардын талыг гурван удаа баллистик төрлийн пуужин харвасан гэж нотолж байна. Пуужингуудыг өглөөний 6 цаг орчмоос эхлэн зүүн зүгт цувуулан харвасан гэж тэд мэдээлж байна.

Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр эхний пуужин 550 км-ийн өндөр хөөрч, 750 км-ийн зайд буюу Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна. Харин гурав дахь пуужингийн талаарх мэдээллийг нягталж байгаа юм байна.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Пехньяны пуужин харвасантай холбоотойгоор ойр орчмын бүс дэх усан онгоцуудын аюулгүй байдлыг шалгахыг даалгажээ.

БНАСАУ энэ он гарсаар 17 дахь удаагаа пуужин харвасан тохиолдол энэ болж байна. Өнөө өглөө пуужин харвасантай нь холбогдуулан Япон улсын зүгээс БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлснийг Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киши мэдээлсэн байна.

Эсэргүүцлийн нот бичгийг Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан дипломат шугамаар хүргүүлжээ. Япон, АНУ, Австрали, Энэтхэг улсуудын дээд хэмжээний уулзалт дууссан даруйд пуужин харвасан нь “илтэд өдөөн хатгасан, хэрхэвч хүлээн зөвшөөрч болшгүй үйлдэл” гэж сайд мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ БНАСАУ-ыг пуужин хөөргөсний хариуд Өмнөд Солонгос улс хоёр пуужин харвасан тухай "РИА Новости" агентлаг Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлэлд тулгуурлан уламжиллаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ өнөө өглөө гурван удаа баллистик пуужин харважээ   
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй