Шууд Chart

Өсвөр насныхан: Үргэлж шударга байх боломжгүй

2018-12-06 10:55:37

Монгол дахь Хүүхдийг ивээх сан, Өсвөр үеийнхний дуу бүлгийн хүүхэд, залуус болон Транспаренси Интернэйшнл байгууллагатай хамтран “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааг 2017-2018 онд хийж гүйцэтгэжээ. Эл судалгаанд Улаанбаатар хот, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв болон Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 6, 8, 10-р ангийн 2191 сурагч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн сурагчид хамрагдсан юм байна. Түүнчлэн фокус бүлгийн ярилцлагад 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн төлөөлөл оролцсон аж.

Монгол Улсын хүн амын 37.8 хувь нь 19 хүртэлх насны хүүхдүүд. Харин үүний 38.7 хувийг 10-19 нас буюу өсвөр насныхан эзэлдэг. Монголд хүүхдийн эрхийн хэрэгжилтэд зарим ахиц гарч байгаа хэдий ч үүрэг хүлээгчдийн хувьд хийж, хэрэгжүүлэх ажил тун их байгааг дээрх судалгааны үр дүн харуулж байна. Тус судалгааны дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа.

“Өсвөр үеийнхний дуу хоолой-2” онцлох дүнгээс дурьдвал, Шударга байх нь баян байхаас чухал боловч үргэлж шударга байх боломжгүй байна гэж судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 72.1 хувь нь үзэж байна. Мөн худал хэлдэг, хууран мэхэлдэг, хууль зөрчдөг, хээл хахуулийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бусдаас илүү амжилттай явах талтай байдаг гэж хүүхдүүдийн 43 хувь нь үзжээ. Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл хүүхдүүдийн 50.2 хувь нь зөвшөөрнө гэжээ.

Сургууль, цэцэрлэгт орох, сурлагын түвшинг зохиомлоор нэмэгдүүлэх, анги дэвших, сургууль төгсөхөд боловсролын байгууллагын ажилтанд бэлэг өгөх явдал байсаар байгааг судалгааны дүн харууллаа. Судалгаанд оролцсон 10 хүүхэд тутмын хоёр нь дүүг нь цэцэрлэгт оруулахын тулд эцэг эх нь авилга өгсөн гэжээ. 5 болон 9 дүгээр анги төгсөхөд анги төгсгөлөө гэж хүүхдүүдийн 44.7 хувь нь багш эсвэл сургалтын менежерт бэлэг эсвэл мөнгө өгч байсан байна.

Багш нар хичээлд хамаарахгүй ном, захиалгын сонин, сэтгүүл, тасалбар болон бусад эд зүйлс авахыг санал болгодог хэвээр бөгөөд хэрэгцээгүй зүйл хүчээр худалдан авах нь олон хүүхдэд дарамт учруулдаг.

Таагүй санагдах ч татгалзвал багш өөрөөр хандаж магадгүй гэж хүүхдүүдийн 14.6 хувь нь үзжээ. Энэ нь зарим хүүхдэд багш давуу байдал олгодог болохыг харуулж байна. Багшийн зүгээс сурагчдын хэн нэгэнд нь давуу байдал олгохоос үүдсэн сэтгэлийн зовууртай байх үе олон хүүхдэд тулгарч байжээ.

Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 69.5 хувь нь өнгөрсөн улиралд бусдад дээрэлхүүлж доромжлуулсан гэсэн ба 15.0 хувь нь багшид, 5.6 хувь нь сургуулийн ажилтанд дээрэлхүүлж, доромжлуулснаа хэлсэн байна.

Авлигыг мэдээлж, авилгатай тэмцэх хүсэл зоригийн биелэл нь мэдээлэгчийг хамгаалдаггүй тул мэдээлснээр өөрт нь ирэх дарамтаас шалтгаалж , хэрхэн мэдээлэхээ мэдэхгүй байгаагаа хүүхдүүд илтгэжээ. Тухайлбал, 18.3 хувь нь мэдээллээ гээд ямар ч нэмэргүй, 9.9 хувь нь намайг хамгаалахгүй учраас би мэдээлэхээс айж байна гэж хариулжээ. Харин 14.0 хувь нь хаашаа хэрхэн мэдээлэхээ мэдэхгүй байна гэсэн байна.

Хүүхдэд шударга байдлын талаар үзэл бодол төлөвшихөд гэр бүл, сургууль хамгийн чухал нөлөөтэй гэж хүүхдүүд үзжээ. Тодруулбал, нийт судалгаанд оролцсон хүүхдийн 81.2 хувь нь шударга ёсыг сахих хэрэгтэйг илэрхийлсэн мэдээллээр хангаж, санаа сэдэл өгч байдаг хүмүүс бол гэр бүлийнхэн гэсэн хариулт өгчээ. Харин 10 хүүхдийн долоо нь сургуулийн орчин, багш ажилтнууд гэж хариулжээ. Хүүхдийн шударга байдалд хамгийн ихээр нөлөөлдөг хэрэгслээр радио телевиз - 67.6, интернетийн мэдээ 59.1 нийгмийн сүлжээ - 55.1, найз нөхөд ба үеийнхэн – 51.6, олны танил хүмүүс – 35.2 хувийн санал авчээ.

Дээрх судалгааны дүнгээс харахад шударга байдлыг дэнслэх хүүхдийн ёс суртахуун, зан байдал томчууд биднээс шалтгаалан ийнхүү сөргөөр төлөвшин хөгжиж байгаа нь урт хугацаандаа тааж баршгүй сөрөг үр дагавар, нийгмийн хямралыг бий болгох эрсдэл, аюултай. Иймд амьдралд үг, үйлдлээрээ хүүхдэд үлгэр дуурайлал үзүүлдэг насанд хүрэгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын зорилгыг ахин эргэн санаж, хүн амьдралдаа насан турш биеэ авч явах хэм хэмжээ болсон ёсзүйдээ анхаарч, зөв дуурайлал өгдөг байхыг Хүүхдийг ивээх сангаас уриаллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өсвөр насныхан: Үргэлж шударга байх боломжгүй  
Үзсэн: 2574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй