Шууд Chart

Унгар улсад Украины байдлаас үүдэн онц байдал зарлажээ 

2022-05-25 14:44:29

Унгарын Засгийн газар улс орондоо онц байдлын дэглэм тогтоож байгаагаа зарлалаа. Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр орой "Фэйсбүүк"-т нийтэлсэн видео мэдэгдэлдээ энэ тухай өгүүлжээ. 

Тэрбээр "Цар тахлын үед тогтоосонтой адил онц байдлын дэглэм хэрэгжүүлснээр хөрш зэргэлдээ Украины дайны улмаас үүсч байгаа сорилт бэрхшээлүүдэд тохирох арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх, Унгар улсыг, Унгарын ард иргэдийг боломжтой бүх хэлбэрээр хамгаалах боломж Засгийн газарт бүрдэнэ” гэж мэдэгдэлдээ хэлжээ.

Украины нөхцөл байдлаас үүдэн улс оронд нь биет бодитой аюул тулгарахаас гадна эрчим хүчний хангамж, эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдал Унгарын жирийн айл өрхүүдийн хэмжээнд хүртэл тулгамдаж байна гэж Виктор Орбан онцолсон байна. Түүний хэлснээр Унгарын Засгийн газар Онц байдлын дэглэмийн нөхцөлд авч хэрэгжүүлэх анхны алхмуудаа өнөөдөр албан ёсоор зарлах юм байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр дөрөв дэх бүрэн эрхийн хугацаандаа улиран сонгогдсон Виктор Орбан үүнээс өмнө "Ковид-19" цар тахлын улмаас Онц байдал зарлах тусгай бүрэн эрх хэрэгжүүлсэн байна. Тухайн Онц байдлын дэглэм тогтоох хуулийн тусгай заалтын үйлчлэх хугацаа зургаадугаар сарын 1-нээр дуусгавар болох учиртай байжээ.

Гэвч Виктор Орбаны тэргүүлдэг эрх баригч нам мягмар гарагт Хөрш зэргэлдээ орнуудад зэвсэгт мөргөлдөөн, дайн, эсвэл хүмүүнлэгийн гамшиг сүйрэл тохиолдоход онц байдал зарлах тусгай бүрэн эрхийг зөвшөөрөх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулсан юм байна.

Энэ дагуу Засгийн газар парламентын хяналт зөвшөөрлөөс гадуур хууль батлах, одоо мөрдөгдөж байгаа хуулиудын үйлчлэлийг түр зогсоох, тэдгээрийг зөрчих эрхтэй болж байгаа юм байна.

Үүний зэрэгцээ Виктор Орбан 2010 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш Унгарт ардчилал, эрх чөлөөг дордуулан, өөрийн эрх мэдлийг бэхжүүлэхэд төрийн нөөц эх үүсвэрүүдийг ашигласан гэдэг шүүмжлэлд багагүй өртдөг байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унгар улсад Украины байдлаас үүдэн онц байдал зарлажээ   
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй