Шууд Chart

“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2022-05-25 18:59:58

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг  танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, анхны хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсний дагуу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын даргын 74 тоот захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг миний бие ахалж, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласныг дурдав.

Мөн Ажлын хэсэг 05 дугаар сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд Ажлын хэсгийн гишүүдээс санал авч, 23, 24-ний өдрүүдэд гишүүдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн 2022 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Ажлын хэсэг хуралдаж 14 зарчмын зөрүүтэй санал боловсруулан, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд санал хураалган шийдвэрлүүлэхээр бэлтгэсэн гэлээ.

Гишүүдийн ирүүлсэн саналаас дурдвал УИХ-ын гишүүн С.Бямбацогт, тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилтын биелэлт хэдэн хувьд хүрэхийг шууд харах боломж олгох хэрэгжилтийн хувийг харьцуулсан багана нэмэх; өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай болон Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцүүлэх хүрээнд төслийн 5 бүлэг 18 зорилгын хүрээнд нийт 75 төсөл, арга хэмжээний 202 шалгуур үзүүлэлтэд хамрагдах 202 “суурь түвшин”-ий 128-д буюу 63 хувьд нь харгалзах утгыг хоосон орхисон байгааг нөхөж нэмж тусгах; төлөвлөгөөний төслийн 6 дугаар багана дахь “санхүүжилтийн хэмжээ”-г Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх хүрээнд санхүүжилтийн хэмжээг хоосон орхисон холбогдох 74 мөрийг нөхөх; цаашид хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн байгууллагын улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, улсын хэмжээний хөгжлийн төлөвлөлт хийх чадавхийг сайжруулж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхтэй холбоотой 4 багц санал өгсний 2 багц саналын агуулгыг  тогтоолын төслийн 3 болон 4 дэх дэд заалт болгон холбогдох саналын томьёоллыг бэлтгэсэн болно. УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Д.Сарангэрэл нарын саналаар тогтоолын хавсралт дахь зорилго 1.5, 2.1, 2.4, 2.5, 3.1 болон тэдгээрт харгалзах төсөл, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг өөрчлөн найруулж, тогтоолын төслийн хавсралтад нэг төсөл, арга хэмжээг шинээр нэмж тусгасныг танилцуулгад дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, тогтоолын төслийн 4 дэх заалтыг хасаж, төслийн хавсралтын  Зорилго.1.5-ыг “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэж, ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, нийгмийн хамгааллыг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой бодлого хэрэгжүүлнэ.” гэж,  Зорилго 2.5-ыг “Хөдөө аж ахуйн гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.”  гэж, төслийн хавсралтын Зорилго 2.4-ийг “Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд уул уурхайн түүхий эдийн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлнэ.” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус  дэмжлээ. 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй