Шууд Chart

Шанхайд нийтийн тээврийн үйлчилгээгээ хэсэгчлэн нээж байна

2022-05-25 20:38:05

Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо Ковид-19 цар тахлын тархалтыг зогсоох хатуу арга хэмжээ авч байгаагийн дүнд Шанхайд шинэ тохиолдлын тоо буурч, улс орон даяар тахлын нөхцөл байдал тогтворжиж байгааг даваа гарагт мэдээлсэн. Иймээс 25 сая гаруй хүн амтай Шанхай хотын захиргаа 6 долоо хоног иргэдээ орон сууцны хорооллоос нь гаргаагүй цар тахлын хязгаарлалтаа сулруулах хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээгээ хэсэгчлэн нээсэн байна.

Тодруулбал, Шанхай хотын метроны 20 шугамын дөрвийг нь ням гарагт нээжээ. Харин зорчигчдод метроны буудал руу орохоосоо өмнө QR уншуулж,  48 цагийн дотор өгсөн ковидын шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх, биеийн халууныг хэмжүүлэх зэрэг шаардлага тавьж байгаа. Амны хаалт заавал зүүхийг шаардаж байгаа аж. Шанхайн метроны зарим шугам цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор 2 сар гаруйн хугацаанд хаалттай байгаа юм. Түүнчлэн ням гарагаас эхлэн Шанхай хот нийтийн үйлчилгээний 273 автобусны маршрутыг нээсэн байна. Гол төлөв нисэх онгоцны буудлууд, төмөр замын өртөө, метроны буудал болон хотын замын том эмнэлгүүдийн чиглэлд автобусны шугам нээгджээ.

Автобусаар зорчигчдоос метрогоор үйлчлүүлэгчидтэй яг адил цар тахлаас сэргийлэх журам мөрдөхийг шаардаж байгаа гэж Шанхай хотын захиргаанаас мэдээлжээ. Шанхай хотод Ковид-19 цар тахлын халдварын шинэ тохиолдол мэдэгдэхүйц буурсан ч хотын эрх баригчид коронавирусн хөл хорио тогтоосон бүсээс гадуур, халдвартай газар нутгаас бусад газар тархаахгүйн тулд хязгаарлалтыг аажмаар сулруулж эхэлжээ.

Гэхдээ 480 гаруй мянган хүн одоо хүртэл хөл хорионд байна. Статистик мэдээллээр зөвхөн Шанхай хотод Ковид-19 цар тахлын халдварын улмаас 580 гаруй хүн нас барсан. Энэ нь 2020 оны эхээр Хятадын Ухань хотод цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Хятадын хотууд дундаас цар тахлаар хамгийн олон хүн нас барсан тохиолдол болжээ. Шанхай хотод даваа гарагт цар тахлын халдварт 558 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь улс орон даяар бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын 60 хувьтай тэнцэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шанхайд нийтийн тээврийн үйлчилгээгээ хэсэгчлэн нээж байна   
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй