Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч На Гён Вон нар уулзав

2022-05-26 14:32:58

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч На Гён Вон нар 5 дугаар сарын 25-нд Давос хотноо уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө БНСУ-ын шинэ төр, Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн солилцоо, түүний дотор аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсад зорчих БНСУ-ын жуулчдыг ирэх хоёр жилийн хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлөх шийдвэрийг гаргасан тухай мэдээлж, хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, тухайлбал эмчилгээний зорилгоор зорчих манай иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй болох чиглэлд анхаарал тавихыг хүсэв.

Тусгай элч На Гён Вон хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт төдийгүй ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөгжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн БНСУ-ын шинэ Засгийн газар нь Монгол Улстай бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч На Гён Вон нар уулзав  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй