Шууд Chart

Финланд, Шведийн төлөөлөгчид Анкарад хэлэлцээ хийжээ

2022-05-26 15:12:10

Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Швед, Финланд улсууд төвийг сахисан орнуудын байр сууриа орхиж, НАТО-д элсэх хүсэлтээ өгөөд байгаа. Гэвч үүний тулд, эвслийн гишүүн орны нэг Туркээс тавьж байгаа нөхцөлүүдийг шийдвэрлэх шаардлагатай болсон. Энэ хүрээнд Швед, Финландын дипломатчид лхагва гарагт Анкарад яриа хэлэлцээ хийсэн байна.

Хоёр орны төлөөлөгчид Туркийн удирдагчдыг байр сууриа өөрчлөхөд түлхэц үзүүлэх зорилгоор Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоганы шадар төлөөлөгч болон Гадаад яамны дэд сайд нартай тус бүр уулзаж ярилцжээ. Турк улс, Хойд европын эдгээр улсыг Курдистаны ажилчны нам болон Сирийн курдуудын сайн дурын бүлэглэлд дэмжлэг үзүүлдэг гэж буруутган, НАТО-д элсүүлж авахын эсрэг байр суурьтай байгаа юм. Энэ хоёр бүлэглэлийг Туркт алан хядагч байгууллагууд гэж үздэг байна.

Энэ хүрээнд, эдгээр бүлэглэлийн гишүүн 28 хүнийг Шведээс, 12 хүнийг  Финландаас албадан гаргуулах шаардлага мөн тавьжээ. Түүнээс гадна Турк улсад тавьсан зэвсгийн хоригоо цуцлахыг энэ 2 улсаас шаардаж байгаа аж. Шведийн төрийн нарийн бичгийн дарга болон, Финландын ижил зиндааны түшмэлээр ахлуулсан төлөөлөгчид уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр, талууд үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн байна. 

Шведийн Төрийн нарийн бичгийн дарга Калин, зэвсгийн экспортод тавьсан хориг хязгаарлалтыг цуцлах асуудлаар хоёр улс нааштай алхмууд хийх төлөвийг Туркт ойлгуулсан гэдгээ мэдэгджээ. Гэхдээ Турк улс өөрийнх нь тавьж байгаа шаардлагуудыг биелүүлэх тодорхой алхмууд хийхгүй бол Скандинавын энэ хоёр улсыг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь нь хэвээр байгаа юм байна. НАТО-д шинээр гишүүн элсүүлэхийн тулд гишүүн 30 улсын бүгдийнх нь дэмжлэгийг авах ёстой байдаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Финланд, Шведийн төлөөлөгчид Анкарад хэлэлцээ хийжээ   
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй