Шууд Chart

Долоогийн бүлгийн Гадаад хэргийн сайд нар Умард Солонгосын пуужингийн туршилтыг эрс буруутгав

2022-05-31 12:21:08

Долоогийн бүлгийн Гадаад хэргийн сайд нар Умард Солонгос улс саявтар тив алгасагч баллистик пуужин харвасныг эрс шийдвэртэй буруутгалаа.

Сайд нар даваа гарагт баталсан мэдэгдэлдээ, Умардын энэ сарын 25-нд үйлдсэн туршилтыг “хамгийн эрс шийдвэртэйгээр” зэмлэн буруутгаж байна гэж дурдсан байна.

Энэ үйл ажиллагаа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхгүй байх түгээмэл зарчмыг зөрчсөн хэрэг” гэж сайд нар мэдэгджээ.

Долоогийн бүлгийн гадаад хэргийн сайд нар түүнчлэн, үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужин бүтээх хөтөлбөрүүдээ олон улсын хяналт дор, эргэлт буцалтгүйгээр зогсоохыг, мөн яриа хэлэлцээ хийх удаа дараагийн саналуудыг нь хүлээж авахыг Умард Солонгост уриалсан байна.

Мөн улс оронд нь үүсээд байгаа хүмүүнлэгийн нэн хүнд нөхцөл байдлыг харгалзан, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай нээлттэй ажиллаж, хүнс, эм тариа болон хүмүүнлэгийн бусад хэрэгцээ шаардлагыг бие даан үнэлж тодорхойлох боломж олгохыг Пхеньянд хандаж уриалжээ.

Мөн Умард Солонгосыг баллистик пуужингууд туршсаныг эрс хатуу зэмлэн буруутгаж, тус улсын эсрэг хориг арга хэмжээг чангатгахад чиглэсэн тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баталж чадаагүйд гүнээ харамсаж байгаагаа Долоогийн бүлгийн Гадаад яамны сайд нар илэрхийлсэн байна.

Умард Солонгос улс энэ сарын 25-ны өдөр гурван пуужин харвасан. Энэ нь 2022 он гарсаар 17 дахь удаагийн пуужингийн туршилт болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долоогийн бүлгийн Гадаад хэргийн сайд нар Умард Солонгосын пуужингийн туршилтыг эрс буруутгав   
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй