Шууд Chart

Элчин сайд Э.Сарантогос Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав

2022-06-16 11:22:42

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Рю Жөн Хюн-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.
 
Уулзалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос БНСУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, гадаад худалдааны чухал түнш орон болохыг онцолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын иргэдийг ирэх 2 жилийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчуулах шийдвэр гаргасныг танилцуулж, энэ нь манай хоёр орны иргэдийн солилцоог тэлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
 
Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Рю Жөн Хюн Элчин сайд Э.Сарантогост ажлын амжилт хүсч, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тодорхой хувь хэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа тэмдэглэв.
 
Элчин сайд Э.Сарантогос мөн БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Чой Хи Дёк-той танилцах уулзалт хийж, энэ онд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Элчин сайд Э.Сарантогос Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав   
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй