Шууд Chart

“Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө”-д хийсэн аудитын тайланг хэлэлцлээ

2022-06-28 15:31:07

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө”-д хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ. 

Энэ талаар Үндэсний аудитын газрын  Аудитын гуравдугаар газрын захирал Д.Энхболд танилцуулав.  

Тэрбээр танилцуулгадаа, аудитад Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Төвийн болон Баруун, Зүүн бүсийн нэгдсэн сүлжээ, Алтай-Улиастайн нэгдсэн сүлжээ мөн эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дамжуулах тусгай зөвшөөрөл бүхий бусад холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны мэдээлэл, тайлан, тоон өгөгдөл бусад нотлох баримт материалд үндэслэн дүн шинжилгээ хийн аудитыг гүйцэтгэснийг тодотгоод дүгнэлтээ танилцууллаа. 

Тухайлбал, Төрөөс эрчим хүчний салбарт баримталсан урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хугацаа, хамаарлыг оновчтой тодорхойлоогүйгээс зорилт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх байгууллагын оролцоог хангаагүй, хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй, бодлогын хэрэгжилтийн явцыг өнөөгийн үр дүнгээр хэмжихүйц, үнэлэхүйц ахиц дэвшил гараагүй байна. Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцооны тухайлбал, хөндлөн чиглэлийн шинжилгээгээр Сангийн, Барилга, хот байгуулалтын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Зам, тээврийн хөгжлийн яамд хоорондын уялдаа холбоо, оролцоо бүрэн хангагдаагүй, босоо чиглэлийн шинжилгээгээр Засгийн газар нь салбарын тулгамдсан асуудлыг үр дүнд хүрэхүйц байдлаар дэмжиж ажиллаагүй зэргээр харилцан хамаарал бүрэн хангагдаагүй байна гэж дүгнэснийг Д.Энхболд танилцуулгадаа онцолсон. 


Мөн тэрбээр, нийт эрчим хүчний хэрэглээний 80.7 хувийг дотоодын эх үүсвэрээс хангаж бодлогын зорилтод хүрээгүй, импортоос хамааралтай хэвээр, эрчим хүчээр найдвартай хангах чадамж алдагдсан, бодит өртөг, ашгийн зохих түвшнийг хангасан үнэ тарифын тогтолцоо бий болоогүй, салбарын хэмжээнд санхүүгийн тогтвортой байдал алдагдсан нь эрчим хүчний тасралтгүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахааргүй болжээ. Эрчим хүчний үнэ тарифыг бүрэн индексжүүлээгүй нь төрөөс, тухайлбал Засгийн газар “хууль дээдлэх” зарчмыг баримтлаагүй, Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхээ хараат бусаар хэрэгжүүлэхэд нөлөөлсөнтэй холбоотой байна. Үнэ тарифыг өртгөөс багаар тооцож байгаа тохиолдолд алдагдлыг татаасаар бүрэн санхүүжүүлэхгүй байгаа нь төрийн бодлогын цогц байдал алдагдсаныг харуулж байна гэж дүгнэснийг дурдлаа. 

Урт хугацааны бодлогоор тодорхойлсон нийт хэрэглээний 85.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадаагүйгээс импортоор авсан 377.9 сая кВт.цаг эрчим хүчийг дотоод үйлдвэрээс хангаж жилд 49.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэх,  Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулж, Оюутолгой ХХК-ийн хэрэглээг хангаж жилд 349.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломжийг алдаж байна. Эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр ажиллаж буй төрийн өмчит компаниудын алдагдал жилд дунджаар 35.7 хувиар нэмэгдэж, 2020 оны байдлаар 62.4 тэрбум төгрөгт хүрсэн нь нэгдүгээрт эрчим хүчний үнэ тарифыг өртгөөс нь багаар тогтоосон, хоёрдугаарт хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл сайн засаглалыг бий болгоогүй, өөрийн үйл ажиллагааны зохион байгуулалтаар үр дүнг дээшлүүлээгүй, ил тод, хариуцлагатай, үр нөлөөтэй ажиллаж чадаагүйтэй холбоотой байна.Нарны болон салхин цахилгаан станц ашиглалтад орж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ нэмэгдэх хэрээр сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф нэмэгдэж, хэрэглэгчийн төлбөр нэмэгдэх нөлөөлөл үзүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарын санхүү, эдийн засагт дотоодын үйлдвэрлэгчийн орлого буурах сөрөг нөлөөллийг үзүүлж байна. 

Хот, хөдөөгийн гэр хороолол, малчин өрх төвлөрсөн дулаанд холбогдсон өрхүүдээс илүү өндөр зардлаар хүйтний улиралд дулааны хэрэгцээгээ хангаж байгаа ч амьдралын чанар ялгаатай байгаа бөгөөд айл, өрхийн цахилгааны дундаж тарифыг 28.7 хувиас дээш хувиар нэмсэн тохиолдолд дулааны алдагдлын хөндлөн татаас шингэж эхлэхээр тооцоолол гарч байна гэж дүгнэснийг аудитын танилцуулгад дурдсан байлаа. 

Аудитаар илэрсэн зүйл, аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд 2, Монгол Улсын Ерөнхий сайдад 2, Эрчим хүчний сайдад 4, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Зохицуулагч нарт 2 асуудлаар аудитын зөвлөмжийг хүргүүлсэн гэв.  

Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


“Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө”-д хийсэн аудитын тайланг хэлэлцлээ  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй