Шууд Chart

Орон сууцжуулалтын хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг боллоо

2026-03-16 15:23:48

Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Монголбанк хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, арилжааны банкууд, төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хуулийн төслүүдийн агуулга, хэрэгжилтийн механизм, салбарын бодлого, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулах асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 45 дугаар захирамжаар орон сууцжуулах бодлогын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэг Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулаад байгаа юм.

Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл нь орон сууцны салбарт урт хугацааны, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулах санхүүгийн байгууллагын эрх зүйн орчныг бий болгоход чиглэж байна. Харин Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл нь орон сууцны нийлүүлэлтийн тогтолцоог тогтвортой болгох, орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлох зорилготой юм.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хуулийн төслүүдийг бодит хэрэгжилттэй уялдуулах, санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох, орон сууцны салбарын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр санал, зөвлөмжөө илэрхийлсэн байна. Хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс хэлэлцүүлгээс гарсан саналуудыг тусган төслүүдийг сайжруулж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа аж.


Орон сууцжуулалтын хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй