Шууд Chart

Жанжны сэлэмт найрагчаар Б.Баттулга тодорлоо

2026-03-14 11:25:47

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойн хүрээнд зохион байгууллагдсан “Эх орны цэрэг-2026” яруу найргийн наадам ёслол төгөлдөр болж, Жанжны сэлэмт найрагчаар "Болор цом"-ын эзэн Б.Баттулга тодорч өнгөтэй сайхан наадлаа.

Энэ жилийн наадамд нийт 83 яруу найрагч 187 шүлгэн хүлгээ сойж уралдуулснаас II шатны шалгаруулалтад шилдэг 25 яруу найрагч тэнцэж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон нэгтгэл, ангиудын байлдааны тугийн дор шүлэг найргаа сонордуулж, үзэгчдийн өмнө шударга өрсөлдсөн юм.

1989 оноос хойш зохион байгуулагдсан, "Бага Болор цом” хэмээн алдаршсан энэхүү наадам нь цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилгын дор Монгол цэргийн өдрийг угтан болдог уламжлалт томоохон баяр билээ.

Энэхүү наадамд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид идэвх санаачлгатай оролцдог бөгөөд энэ жил Зэвсэгт хүчнээс 18, Хил хамгаалах байгууллагаас 7, Цагдаагийн байгууллагаас 5, Тагнуулын ерөнхий газраас 1, Дотоодын цэргээс 7 алба хаагч оролцсон бол хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдаас 5 найрагч оролцжээ.

Ингээд наадмын тэргүүн байрт "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Баттулга, дэд байрт МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Баянтунгалаг, гутгаар байрт залуу найрагч П.Намуун, тусгай байрт яруу найрагч Д.Очирваань, Л.Батсайхан нар шалгарлаа.

Наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт утга зохиол шүүмжлэгч, Хэлбичгийн ухааны доктор Гончигийн Батсуурь тэргүүтэй Монголын утга зохиол, урлагийн нэрт судлаачид ажилласан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.  


Жанжны сэлэмт найрагчаар Б.Баттулга тодорлоо  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй