Шууд Chart

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022-06-29 16:00:00

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Нэгтгэсэн хуулийн төслүүдийг Засгийн газар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Энхболд уншиж танилцуулав.

Тэрбээр ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, Ц.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, С.Одонтуяа, С.Чинзориг, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нар ажилласан юм.

Ажлын хэсэг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хуралдан хуулийн төслүүдийг нэгтгэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд суурилан нэгтгэсэн гэлээ.

Ажлын хэсэг нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан 12, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан 5 зарчмын зөрүүтэй саналыг томьёоллыг бэлтгэсэн байна.

Нэгтгэсэн төслөөс төрийн албанд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох, зарим олон улсын байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох зохицуулалтыг хасах саналыг ажлын хэсгээс танилцуулсан.

Мөн төрийн улс төрийн томилогддог албан тушаалтанд тавих ёс зүйн шаардлагыг Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд бусад шаардлагыг энэ хуульд тусгах шаардлагагүй гэж үзэж хасах санал бэлтгэсэн байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11.1.9-д заасан албан тушаалд болон орон нутгийн хурлын төлөөлөгчийг төрийн албанд ажилласан хугацаанд тооцох зохицуулалт нэмэх болон бусад зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэжээ. 

Хуулийн төслийг Байнгын хороо зүйл бүрээр нь хэлэлцэн УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд ажлын хэсгээс танилцуулсан болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй