Шууд Chart

Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв

2022-06-30 15:58:36

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Тэрбээр танилцуулгадаа, Дээрх төслүүдийг хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцүүлэхийг зөвшөөрсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс өргөн мэдүүлсэн шинэчилсэн найруулгын төсөлд суурилж хэлэлцсэн болно. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хороо, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан, гишүүдэд Ж.Батжаргал, Э.Батшугар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, С.Ганбаатар, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан гэдгийг дурдсан.
Мөн Ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Байнгын хороо, нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан болон D-parliament аппликейшнд иргэдээс ирүүлсэн санал, УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс, паркуудын төлөөлөл, хэлэлцүүлэгт оролцогчдын саналууд, бусад улс орнуудын үйлдвэрлэл, технологийн паркийн туршлагыг судалж, хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулсныг онцлоод Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 70, найруулгын багцалсан 3 санал тус бүрээр хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хэлэлцэн шийдвэрлэсэн гэж байлаа.

Тухайлбал, Паркийн зорилго, удирдлагын компанийн өмчлөлийн хэлбэрийг ойлгомжтой болгох, паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хэтийн төлөвийг тодорхойлох, гадаад зах зээлд сурталчлах, паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах, паркийн газар эзэмшил, ашиглалттай холбогдох харилцааг боловсронгуй болгож улмаар хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг тусгажээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг ойлгомжтой тодорхойлох, паркийн удирдлагын компанийг үүсгэн байгуулах, түүний эрх зүйн байдлыг тодорхой болгох, татварын орчныг олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлж өөрчлөх чиглэлээр өөрчлөлт оруулах талаар зарчмын зөрүүтэй саналын томьёололд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд үдээс хойших хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй