Шууд Chart

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2022-07-01 17:21:38

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн асуултаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 42 саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа.

Тухайлбал, Ажлын хэсгээс 9 дүгээр зүйлийн төслийн 9.2 дахь хэсэг, 9.2.1, 9.2.2 дахь заалтыг нэгтгэн “Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, аймагт 100 000 000 төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300 000 000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ.” гэж өөрчлөх, төслийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг “Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сантай байх бөгөөд мэдээллийн санг ажиллуулахтай холбогдсон журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, “Барьцаалан зээлдүүлэх журмаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 16.2-т заасан цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд зүйлсийг барьцаанд авахыг хориглоно.”; гэсэн 16.2, 16.3 дахь хэсэг болгон өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Харин хуралдаан даргалагчаас Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдийн зүгээс гаргасан саналыг харгалзан төслийн 7,8,9 дэх зарчмын зөрүүтэй саналуудыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул уг төслийг хууль санаачлагчид нь буцаахаар боллоо.

Ингээд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй