Шууд Chart

“Арьс ширний урамшууллын 11.8 тэрбум төгрөгийг ирэх долоо хоногоос малчдын данс руу шилжүүлнэ”

2022-07-02 10:03:22

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн (2022.07.01) хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн талаар Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 90 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 81 байгууллагад дүгнэлт гаргаж, есөн байгууллагыг аудитын түүвэрт хамруулсныг онцлоод төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 73 байгууллагын санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, зургаан байгууллагын санхүүгийн тайланд “Хязгаарлалттай”, хоёр байгууллагын санхүүгийн тайланд “Сөрөг” санал дүгнэлт өгснийг мэдэгдсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 59 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 56 байгууллагад дүгнэлт гаргаж, гурван байгууллагыг аудитын түүвэрт хамруулсныг Тэргүүлэх аудитор танилцуулгадаа тодотгоод төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 56 байгууллагаас 44 байгууллагад “Зөрчилгүй”, 11 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгч, нэг байгууллагад санал дүгнэлт өгөхөөс татгалзсан гэж байлаа.

Тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлыг дурдсан байлаа. Тухайлбал, авлагын эргэц, чанарт анхаарч, он дамжсан насжилт ихтэй авлага, өр төлбөрийг барагдуулах талаар үр дүнтэй арга хэмжээ авах, хугацаа хэтэрсэн “хэвийн бус” зээлийн хэмжээг бууруулах, дамжуулан зээлийн эх үүсвэрээс хэрэгцээ, шаардлага, эрэлт багатай хөрөнгө бэлтгэхгүй байх, урт хугацаат өр төлбөрийн хэмжээг бууруулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хяналтыг сайжруулах, Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд үүссэн хүндрэлийг даван туулахад анхаарч, бодлогоор дэмжих, дотоод хяналтыг зохистой хэрэгжүүлж, эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэх шаардлагатайг дурдсан байлаа.

Мөн төсөл, хөтөлбөрийн үр дүнг тооцож байх, хэрэгжүүлсэн төслийн нэгдсэн мэдээллийн сантай болох, худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, салбарын үндсэн үйл ажиллагаа, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарч, малын гоц халдварт өвчний тархвар зүйн судалгаанд тулгуурлан голомтыг цомхотгох, устгах хариу арга хэмжээг оновчтой удирдан зохион байгуулах, санхүү, төсвийн нөөцийг зохистой хуваарилж, хуулиар хүлээсэн чиг үүргийг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллах, харьяа төсвийн шууд захирагчдын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын цар хүрээг өргөжүүлэх, эрсдэлийг тодорхойлж,  дотоод хяналтыг сайжруулах, аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч ажиллахад анхаарах талаар танилцуулгад дурдсан байв.

Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд,  Ж.Батжаргал, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг салбарын яамдууд аудитаар хязгаарлалттай дүгнэлттэй гарсан шалтгаан, цаашлаад санал дүгнэлт өгөхөөс татгалзсан тухайн байгууллагын зөрчил, хариуцлагын асуудлыг илүүтэй тодруулав. Мөн малчдад олгох ноос, арьс ширний  урамшууллын олголт удааширсан шалтгаан нөхцөлийг лавлаж байлаа.

Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг хариултдаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хоёулаа хязгаарлалттай дүгнэлт авсныг тодотгоод Хүнс хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаанд аудит хийхээс татгалзсан гэв. Мөн тэрбээр, санхүүгийн тайланд дүгнэлт өгөх боломжгүй, нягтлан бодох, бүртгэл, тайлагнал, анхан шатны бүртгэлийн шаардлага хангаагүй нөхцөлд аудит хийхээс аудитын баг татгалздаг гэдгийг онцлоод төрийн аудитын байгууллага сүүлийн хоёр жил Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд дүгнэлт хийхээс татгалзсан. Энэ нь салбарын хэмжээнд анхаарал татсан томоохон асуудал гэж байлаа. Түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлд санхүүгийн тайланд дүгнэлт  өгөхөөс татгалзсан тохиолдолд тухайн байгууллагын удирдлагыг ажлаас нь шууд халахаар заасны дагуу томилдог эрх бүхий албан тушаалтанд нь холбогдох албан шаардлагыг хүргүүлсэн гэж байлаа.

2021 онд ноосны урамшуулалд 32,4 тэрбум төгрөг олгож, үүнд 83 үйлдвэр цехэд 19.7 мянган тонн ноос тушаасан 93.969 малчин, мал бүхий этгээдэд ноосны урамшуулал олгосон. Өнгөрсөн жил ковидын нөхцөл байдалтай уялдуулаад 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөө аж ахуйг дэмжих зээл гарч буйтай холбогдуулан батлагдсан төсөвтөө багтаан хүүгийн татаасыг санхүүжүүлэх үүрэгтэй байсан тул арьс ширний урамшууллыг олгож чадаагүй.

Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, 2022 оны төсөвт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих урамшуулалд 88.4 тэрбум төгрөг батлагдсан. Сүүлийн жилүүдэд урамшууллыг нэгдсэн дүнгээр нь батлаад салбарын яам нь хөдөө аж ахуйн салбарыг дэмжих урамшууллууддаа хуваарилан олгож байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.      

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн салбарын яамдынханд хандаж, төрийн захиргааны албан хаагчдын хувьд хууль дээдэлж ажиллахыг анхааруулаад цаашид монгол төрийн бодлогыг боловсруулахад төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай ажил, үйлчилгээг хүргэхэд  эрх ашгийн эрэмбийн хүрээнд байх ёстой зардал, хөрөнгө оруулалтыг нэгдүгээрт тавьж ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний урамшууллын асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавихаа мэдэгдсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, аудитаар хязгаарлалттай дүгнэлт авсан салбарын яамдууд төсвийн хууль, тогтоомжийг нэг мөр мөрдөх, Монгол Улсын хуульд тодорхой тусгагдсан урамшууллын санхүүжилтийг салбарын яамны төсвийн багцад суулгахад онцгой анхаарч ажиллах, 2023 оны төсөвт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  хортон шавжтай тэмцэх санхүүжилтийг тодорхой тусгаж ажиллахыг анхааруулж байлаа.

Ингээд энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


“Арьс ширний урамшууллын 11.8 тэрбум төгрөгийг ирэх долоо хоногоос малчдын данс руу шилжүүлнэ”  
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй