Шууд Chart

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг хийв

2022-07-02 11:34:47

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасныг баримтлан явууллаа.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ш.Адьшаа чөлөөт бүсэд согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох эсэх, согтууруулах ундаанд оногдуулах онцгой албан татварын өөрчлөлтийн талаар, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүдээр дамжин согтууруулах ундаа дотоодын худалдааны эргэлтэд орж байгаа тухай мэдээллийн талаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэлхийн цөөнгүй орнууд согтууруулах ундааны хатуулгыг хүчээр буулгаж нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч байсан туршлага байдаг тул хатуулгыг хүчээр буулгах нь зохистой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан.

Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгох, ингэхдээ тодорхой шалгуурыг харгалзан тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар тогтоох, тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгох, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон цахим сантай байх, Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд  бүртгэх, архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээг нэвтрүүлэх, согтуурах, мансуурах дон болон дэлгэцэд донтох эмгэгтэй хүмүүст хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай байх, дэлхийн жишиг болон хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах, бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19 байхаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор” гаргасан зарлигийн хүрээнд согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой албан татварын ялгамжтай бодлогыг хэрэгжүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 42 санал болон найруулгын шинжтэй 3 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хуулийн өөрчлөлтөөр ямар үр дүн гарах вэ. Архинаас шалтгаалсан гэмт хэргийн талаар тооцоо судалгаа бий юу. Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх хэчнээн үйлдвэр хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг, архи, согтууруулах ундаа худалдах насны хязгаарлалт 21 байсныг 19 болгон бууруулсан шалтгааныг тодруулсан. Түүнчлэн согтууруулах ундаанд ногдуулах татварыг нэмэгдүүлэх боломж бий эсэхийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, хуульд өөрчлөлт оруулан архи согтууруулах ундаа худалдах насны хязгаарыг яс баримталдаг болгохоор зорьсон. 19 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байвал тэрхүү байгууллагыг торгох, мөн тусгай зөвшөөрлийг цуцалдаг байхаар тусгасан. Өмнө нь 21 нас хүрээгүй хүн архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоно гэж заасан ч үүнийг баримталдаггүй, араас нь хөөцөлддөггүй байсан. Согтууруулах ундаа худалдан авч байгаа хүний бичиг баримтыг шалгадаггүй. Хууль батлагдсанаар насанд хүрээгүй байж болох иргэний бичиг баримтыг шалгаж байж худалддаг болох юм. 21 нас гээд ярихаар их сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутан, МСҮТ төгсөөд ажил эрхэлдэг болчихсон хүмүүс байна. Тиймээс насны хязгаарыг 19 болгоод үүнд тавих хяналтаа чангатгая гэж ажлын хэсэг дээр ярилцсан. Согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлнэ. 2023 оны 01 дүгээр сарын нэгнээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг эхний жил нэмнэ. Энэ удаад нэлээд өндөр буюу бараг 50 хувиар нэмээд, дараа жилээс бага хатуулагтай архи, ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттай нэмнэ. Ингэснээр согтууруулах ундааны зохистой хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа хэмээсэн.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, 2021 онд 25.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэний 19 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Согтуурсан үедээ хүний амь бүрэлгэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар авто машин жолоодох, гудамж талбайд танхайрах гэх мэт гэмт хэрэг, зөрчил үйлддэг. 2021 онд согтуугаар үйлдсэн 76 мянган зөрчил бүртгэгдсэн байна.

2004 оноос хойших тоог харахад архины 184 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 26 болсон байна. Спиртийн 12 үйлдвэр зургаа болж, шар айргийн 35 үйлдвэр 12 болж буурчээ. Хэдийгээр үйлдвэрлэгчдийн тоо буурсан ч үйлдвэрлэлийн хэмжээ буураагүй. Манай орны согтууруулах ундааны хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байгаа. Цаашдаа архины зохистой хэрэглээг бий болгох үүднээс татварын бодлогоор үнийн өөрчлөлт хийх, худалдах газрын тоо, байршлыг өөрчлөх гэх мэт хэд хэдэн арга хэмжээг төсөлд тусгаж байгаа. Түүнчлэн архинд донтсон этгээдийг эмчлэх асуудлыг хаяж болохгүй учир архинд донтсон хүмүүсийг эмчлэх боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлыг тусгаж байгаа гэлээ. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авснаар өчигдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг хийв  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй