Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Таван толгой түлш” ХХК-д ажиллалаа

2022-07-13 15:00:10

Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх, хичээлийн шинэ жил, намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах асуудлуудаар албан даалгавар гарган ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэр дээр ажиллалаа. Тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор хоёр зуун мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлууд хийж байна. Өнөөдрийн байдлаар 50 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлжээ. Мөн баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг үе шаттай зогсоох, зүүн болон дөрөвдүгээр үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, хөрөнгө оруулалт засвар угсралтын ажлууд хийгдэж байна. Шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор “Таван толгой түлш” ХХК шахмал түлшин дэх хүхэрлэг хийн агууламжийг 50 хүртэл хувь бууруулах судалгаа хийж, эхний үр дүн гарч үйлдвэрлэлийн туршилтад оруулаад байна. Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг ачиж буулгах зориулалттай өндөрлөгөөтэй төмөр замын ажил болон бүтээн байгуулалтын ажлыг мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн 8-р сарын 1 гэхэд өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхийг сануулж, хэрэгжилтийг долоо хоног бүр өөрийн биеэр шалгана гэв.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Таван толгой түлш” ХХК-д ажиллалаа  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй