Шууд Chart

Антонио Гауди: Огт дүрслэж болохгүй юмыг илэрхийлэх нь өөрөө солиорол юм

2022-07-15 10:37:58

1926 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Испанийн Барселон хотын Сан-Фелип-Нэри сүмийн орчим нэгэн осол гарчээ. Дал гарсан, үс сахал нь өрвийсөн, ноорхой хувцастай өвгөнийг трамвай дайрчихаж. Яаралтай тусламж үзүүлэх гэсэн боловч түүнд бичиг баримт, мөнгө төгрөг юу ч байсангүй. Тэгээд түүнийг замаас холдуулаад орхисон байна. Уранхай ноорхой ч хүн юм хойно сайн санаат нэгэн таарч, үгээгүй ядуусын буяны эмнэлэгт хүргэжээ.

Гэтэл  золгүй  өвгөн Ариун Гэр бүлийн (Sagrada Familia) сүмийг цогцлоон туурвиж буй алдарт уран барилгач Антонио Гауди мөн болж таарлаа. Сүмийн дээд санваартнууд, хотын мэр, хамгийн шилдэг эмч домч нар яаран ирсэн ч нэгэнт оройтсон байлаа. Ийнхүү зургаадугаар сарын 10-ны өдөр зөвхөн Испани орон төдийгүй соёлт хүн төрөлхтөн эрин зууны манлай уран барилгачаа алдлаа.

Антонио Гауди 1852 оны долоодугаар сарын 25-ны өдөр Испанид төржээ. Тэрээр энэ дэлхий дээр шагшин магтахгүй байхын аргагүй уран  тансаг, ховор содон бүтээлээр мөнхөрч үлдсэн юм.

Түүний нэн өвөрмөц хийгээд дахин давтагдашгүй барилгууд уламжлалт архитекторын дэг жаягаас чанд зоргоор зорчих авай. Өнгө тансаг, уран зохиомжит хийц нь барилга байгууламж гэхээс үлгэр, домгийн диваажин лусын орноор зорчих мэт сэтгэгдэл төрүүлнэ. Испанийн Барселон хотод түүний олон сайхан уран барилга сүндэрлэн байдаг. Тэрээр Барселонд ирээд таван жилийн дараа архитектурын сургуульд элсэн орж, 1878 онд төгсчээ. Антонио Гауди 1870-1882 оны хооронд Эмилло, мөн Франсиско зэрэг архитекторчдын удирдлага дор ажиллаж байжээ.  
Түүний бүтээлээс цөөнгүй нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг билээ. Антонио Гаудийн Ариун Гэр бүлийн сүм (Sagrada Familia)  нь одоо ч  бүрэн баригдаж дуусаагүй эртний сүмүүдийн адил он удаан жил дамжин баригдсаар л байгаа билээ. Энэхүү сүмийн шинэ хэсгийг барих явцдаа хуучин хэсгийг дахин засварлах байдлаар үргэлжлүүлсээр өнөөтэй золгож байна.

Гаудийн барилгын онцлог нь чөлөөтэй муруй шугам юм. Муруй шугамыг маш ихээр хэрэглэсний улмаас Гаудигийн барилгыг барихад төдийгүй зураглахад ч хэцүү байлаа. Тиймээс Гауди өөрөө  талбай дээр цуг байж, шууд зааварчилгаа өгөн өвөрмөц хэлбэрийг туршиж үзэн бариулж байжээ. Түүний барилгын дизайнд өөрийнх нь аугаа ур чадвар, төсөөлөн бодох торгон мэдрэмж байгаа нь мэдээж боловч тэдгээрийг ёсоор нь гүйцэтгэж чадах уран гартай барилгачид байгаагүйсэн бол ийм сүрлэг байгууламж сүндэрлэх боломжгүй билээ. Тиймдээ ч уран гартны чухлыг ойлгож байсан учраас аугаа бүтээлчдийн гарынх нь ур дүйг Гауел паркад үлдээжээ.

Энэ нь Их Моголын Шах Жихан хаан үзэсгэлэнт Таж Махалыг бариулсныхаа дараа урчуудад хэмжээгүй шан харамж хайрласан ч дэлхийд дахин давтагдашгүй гайхамшгийг тэр хэвээр нь үлдээхээр урчуудын гарыг нь тайран хаясан шиг харгис зүйл огт биш ээ. Гауди өөрийн гайхамшигт цэцэрлэгийг хамтран бүтээсэн бүх шилдэг урчуудаа урин залав. Давтагдашгүй уран барилгыг бүтээж чадсан дархчуудын хүчирхэг багаж зэвсгийг уран гарын бахархал болгон хүндэтгэн оршоосон нь тэр ажээ.

"Хүн бол бүтээгч биш харин анх олж нээгч юм. Өөрийн шинэ бүтээлд зориулж байгалийн хуулиудыг хайж олж байгаа хүн бүтээгчид туслаж байна гэсэн үг” хэмээн тэрээр айлджээ. Гауди зөвхөн байгалийг ажиглан, түүний хуулиудыг дагах тухай "байгалийн архитектурын" зарчмыг хэрэглэхийг уриалдаг байв. Маш гайхамшигтай хэлбэрээр илэрхийлэгдсэн түүний бүтээлийг хэн ч давтан үргэлжлүүлж чадаагүй юм.

Ариун Гэр бүлийн сүм (Sagrada Familia)

 

Гуаэль цэцэрлэг
   


Хэдийгээр тэрээр насан хутгийг олоод зуу гаруй жил өнгөрсөн ч  “Ариун Гэр бүлийн (Sagrada Familia) сүм”-ийн барилгыг хараахан дуусаагүй байгаа билээ. Өнөөдөр Барселонд байрлах энэ дуусаагүй сүмийн барилгыг үзэх гэсэн сая, сая жуулчдын цуваа дэлхийн өнцөг булан бүрээс тасардаггүй юм.

Ариун Гэр бүлийн сүмийн тухай (Sagrada Familia)

Барселон хотын нүүр царайг Антони Гаудигийн гэх стиль дүр төрх бүхий уран барилга, цогцолборууд тодорхойлж байдаг. 1926 он хүртэл Ариун Гэр бүлийн сүмийн барилгын ажил ямар нэг хэмжээгээр хэвийн явагдаж байсан юм. Гэвч Гаудиг нас барсны дараа амьдралынхаа 43 жилийг зориулсан энэ барилгын ажил байн байн зогсож бүр Испанийн иргэний дайны үед /1936-1939 он/ уг барилгын жинхэнэ план зураг нь ор сураггүй алга болжээ.
1950 оноос Испанийн Засгийн газар Ариун Гэр бүлийн сүм дээр ажиллах архитекторуудыг шалгаруулж тэдэнд барилгын план зургийг дахин гаргах үүрэг өгсөн байна. Эдгээр архитекторчид Гаудигийн анх гаргасан санааг аль болох зөрчихгүйгээр амнаас ам дамжин яригдаж ирсэн загвар, дүрслэл дээр тулгуурлан уг барилгын ерөнхий төлөвлөгөө зургийг дахин амилуулжээ. Ингээд барилгын ажил ч сэргэж 1976 он гэхэд гол фассадуудын нэг болох  Apostel-ийн баганууд дээрх номлогч нарын фассадыг дуусгасан байна.


 
Барилгын ерөнхий төрх

Барилгын үндсэн суурь нь Христийн загалмай хэлбэртэй ба гол танхим нь 90 метр урт, 15 метр өргөн, хөндлөн танхим нь 60 м урт, 7.5 м өргөн байдаг байна. Тус сүм бүрэн дууссан үедээ нийт 18 ширхэг оройтой /сүмийн шовх орой, цамхаг гэмээр/ байх ба үүнээс одоогийн байдлаар найман орой нь баригдаж дууссан.

12 ширхэг орой нь Apostel /номлогч найдан/-ийг төлөөлөх ба өндөр нь 90-112 метр байна. Дөрвөн орой нь Evangel /Гол сахиусан тэнгэр/-ийг дүрслэн харин үлдсэн хоёр орой нь эх дагина гэгээн Мэри болон Есүс Христийг бүтээх юм. Энэ сүмийн гол орой нь 170 м өндөр байх ба дэлхий дээрх хамгийн өндөр Христийн сүм болох юм байна.
 
 
Антонио Гаудигийн бас нэг гайхамшигт бүтээл бол Каса Батёо болно. Уг байшин нь 1877 онд Батёогтийн гэр бүлийн хүсэлтээр ийнхүү засварлагдсан бөгөөд Араг ясны өргөө буюу “Casa dels ossos” гэсэн давхар нэртэй. Энэ байшинд ерөөсөө тэгш хэмтэй нэг ч зүйл үгүй бөгөөд тэгш өнцөгтэй булан ч, хана ч байдаггүйгээрээ онцлог юм. Дээврийг лууны нуруу /сэрвээ/ гэж бодож дүрсэлсэн гэдэг.


 
Symbol of Guell Parc, Barcelona

 
1900-1914 оны хооронд Кармель ууланд байгуулагдсан энэ парк нь анхандаа тансаг орон сууцны хороолол болохоор төлөвлөгдсөн ч амжилтгүй болж, хүмүүсийн сонирхлыг татаж чадаагүй бөгөөд харин энд баригдсан амины хоёрхон сууцын нэгийг Гауди худалдаж авснаар энэ байгалийн болон хүний гараар бүтсэн өвөрмөц архитектуруудын цогцолбор, дэлхийн хаана ч давтагдахгүй өвөрмөц цэцэрлэгт хүрээлэн бий болох нөхцөл бүрджээ. Одоо уг байранд нь Антонио Гаудигийн гэр музей байрлаж буй.


Барселон дахь Ла Педрера

 
Антонио Гаудигийн бас нэг шилдэг бүтээл болох Каса Мила буюу Ла Педрера гэх энэ орон сууц 1905-1912 оны хооронд Пере Милагийн гэр бүлийн захиалгаар баригдсан бөгөөд тухайн үедээ чулуун болон төмөр хийцийг нэгтгэснээрээ, мөн цонхны гадна хананд байрлуулсан хөшиг зэрэг онцгой шинэлэг шийдлүүдээрээ шагшигдаж байв.

Barcelona Head by Roy Lichtenstein

 
Инээмсэглэсэн бүсгүйн энэ нүүрийг Америкийн поп уран бүтээлч Рой Лихтенштейн Барселоны олимпод зориулан 1992 онд бүтээжээ. Тэрээр Антонио Гаудигийн дүрслэх урлагийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд түүний хэв загварыг энэ уран барималд ч тодоор тусгасан байдаг.


Антонио Гауди: Огт дүрслэж болохгүй юмыг илэрхийлэх нь өөрөө солиорол юм  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй