Шууд Chart

Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө

2025-12-04 17:40:43

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг нийслэлийн Онцгой Байдлын газрын удирдлагууд болон 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Хүн ам олноор төвлөрсөн нийслэл хотод обьектын гал түймэр, халдварт өвчний тохиолдол буурахгүй байгаа нь салбарын нэн тэргүүний анхаарах асуудал болоод байгааг Шадар сайд онцолсон юм. Улсын хэмжээнд сүүлийн 7 жилийн хугацаанд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 66.4 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.

Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүх нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах, нэн ялангуяа иргэдийг өөрийгөө болон бусдыг авран хамгаалах ажиллагаанд сургах, мэдлэг, дадлага олгох ажлыг тогтмол үр дүнтэй зохион байгуулж, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гамшгаас хамгаалах сургалтыг бүх шатанд үр дүнтэй зохион байгуулах, алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр Онцгой байдлын байгууллагын анги, салбарын удирдлагууд алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, сахилга батыг сайжруулахад анхаарч, шат шатандаа хяналт тавьж ажиллах, нийт алба хаагчдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, дүрэм, журмыг чанд баримталж, өдөр тутамдаа мөрдөж хэвшүүлэхийг үүрэг болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй