Шууд Chart

Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөллөө

2022-08-10 10:17:21

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар болон Засгийн газрын зургадугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийн үр дүнг шалгах ажлын хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр МХЕГ, нийслэлийн МХГ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд болон удирдлагуудыг байлцуулсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох ААН-үүдэд үүсээд байсан асуудлын хүрээнд Засгийн газраас шийдвэр гарч, Мах, махан бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах, мал эмнэлгийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлэх, мах бэлтгэх, боловсруулах, мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалах зэрэг бүх шатанд дээрх системийг нэвтрүүлж, энэ оны 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгөөд байсан юм.

Тэгвэл дээрх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд нийт 52 ААН-д хяналт шалгалт хийсэн байна.  Үүнээс “Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко”, “Өргөө мийт трейд”, “Алтайнцээл меат” зэрэг компанийн нийт 220 тонн махнаас эмгэг төрүүлэгч нян илэрсэн нь шинжилгээгээр батлагдсан. Гэтэл тус компаниудын зүгээс лабораторийн шинжилгээг эсэргүүцсэнээр дээрх 220 тонн махны асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, өөрөөр хэлбэл устгалд оруулалгүй хадгалсаар байгааг хариуцсан мэргэжилтэнүүд хэлж байлаа.

Иймд Шадар сайд НМХГ-ын дарга Б.Батшагай, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар  нарыг үүрэгт ажлаа цалгардуулсан, лабораторийн шинжилгээ, дүгнэлт нь гарчихсан асуудлыг шийдвэрлэлгүй 2, 3 сар хойшлуулсан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн байж, төрийн байгууллагын үлгэр жишээ байх ёстой. Доод, дунд шатны дарга нараа хаацайлсан, ажил хийдэггүй замхруулж байгаа нь төрийн бүтээмж, нэр хүндийг унагааж байна. Цаашид ч Засгийн газрын бодлого, төрийн бүтээмжийг үнэгүйдүүлдэг доод, дунд шатны дарга нартай хатуу хариуцлага тооцно” гэлээ.

Эх сурвалж: Шадар сайдын Ажлын алба


Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөллөө  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй