Шууд Chart

Урагшлахын тулд УИХ, ИТХ-д илүү олон эмэгтэйчүүд орох хэрэгтэй

2022-09-09 13:57:19

Дэлхий дахиныг олон жил байлдан дагуулсан “Game of thrones” телевизийн цуврал кино төгссөн ч гэлээ тус цувралын гол дүр Дэнерис Таргариен гүнжийг мэндлэхээс 172 жилийн өмнөх түүхийг өгүүлэх “House of The Dragon” цуврал дахин дэлхий нийтийг байлдан дагуулж эхэллээ. Тус цувралын үйл явдал гүнж Ранира Таргариен Долоон хаант улсын анхны Хатан хаан болох уу эсвэл нялх Эгон Таргариен уламжлалын дагуу хаан болох уу гэсэн хоёр “сонголт”-ын дунд өрнөж байна.

Харин өдгөө дэлхийн улс орнууд шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж хүчин чармайлт гарган ажиллаж, олон улс оронд үр дүнд хүрээд байна.

НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН АМЬДРАЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ӨДРӨӨС ӨДӨРТ НЭМЭГДЭЖ БАЙНА

Монгол Улсын хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдон, ард түмнийхээ элч болон ажилласан эмэгтэй гишүүд нийгмийн хүч сул бүлгүүдийн дуу хоолой болохын зэрэгцээ гэр бүлийн, хөдөлмөрийн, боловсролын, эрүүл мэндийн гээд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт давамгайлдаг, амин чухал салбаруудын хуулиудад илүү идэвх санаачилгатай ажиллаж иржээ. Тиймээс парламентад эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй нийт эмэгтэйчүүд, түүний дотор залуу үеийнхэн улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, аливаа бодлогын шийдвэрийг жендэрийн баримжаатай гаргах зэрэг олон эерэг үр дүнтэй аж. Мөн эмэгтэй хүний уян, нөхцөл байдлыг эерүүлэх чадвар, үзэл баримтлалынхаа төлөө тууштай байх тэмүүлэл, тэсвэр тэвчээр, няцашгүй зүтгэл, аливаа асуудлыг зөрчил, маргаанд хүргэлгүйгээр эв эеэр зохицуулах, том асуудалд нуугдсан жижиг зөрчлийг олж харах, шийдлийг олох чадвар гээд өөрт нь заяагдсан төрөлх зан чанар парламентын шийдвэр, төлөвшилд чухал нөлөөтэй байдаг ажээ. Эмэгтэйчүүд нийгмийнхээ шууд тусгал болж иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг хүмүүнлэгийн асуудалд мэдрэмтгий, эмзэг байж оролцоо санаачилгатай ажиллаж чаддаг байна.

Нийгэм, улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэж, нийгмийн амьдралын өөрчлөлтийг дагаж төр, нийгмийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь зөвхөн хүний эрхийн төдийгүй салбар бүрийн хөгжилд хамаатай асуудал болж байна.

“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын судалгааны баг гүйцэтгэсэн “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгааны тайланд дурдсанаар 2021 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 50.9 хувь, нийт сонгогчдын 52 хувь нь эмэгтэйчүүд байна. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг жендэрийн зөрүүтэй байдлын индексээр Монгол Улс 2018 онд 149 орноос 58 дугаар байранд, 2020 онд 153 орноос 79 дүгээр байранд орсон байна. Харин 2021 онд 156 орноос 69 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Гэвч улс төрийн эрх мэдлийн үзүүлэлтээр 156 орноос 116 дугаар байранд жагссан бөгөөд дэлхийн болон Азийн дунджаас доогуур байгаа нь тулгамдсан асуудал болж байна.

хувиар 193 орноос 127 дугаарт, Азийн бүсийн 30 орноос 19 дүгээр байранд эрэмбэлэгджээ.

2020 онд УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөх сонгуулийн үр дүнгээ бататгасан хэдий ч нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн тоо буурсан төдийгүй, дэлхийн дунджаас доогуур хэвээр байна.  УИХ-ын 2004-2016 оны сонгуулиар нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.9 хувь хүртэл өссөн бөгөөд харин 2020 оны сонгуулиар 24.9 хувь болж, 1 хувиар буурчээ. 2020 оны УИХ-ын сонгуульд нийт 606 хүн нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд тэдгээрийн 151 нь эмэгтэй нэр дэвшигчид байснаас сонгуулийн үр дүнд 13 нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

1992 оноос хойших УИХ-ын найман удаагийн сонгуулийн дүнд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй гишүүд байжээ. Эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 1992 онд 5.3 хувь байсан бол 2016, 2020 онуудад 17.1 хувь болж өссөн, 2020 оноос УИХ-ын дэд даргаар эмэгтэй гишүүн томилогдон ажиллаж байгаа ч 1990 оноос өнөөг хүртэл УИХ-ын даргаар ажилласан эмэгтэй гишүүн байхгүй байна.

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-Д ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ДӨНГӨЖ 15 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны хувьд УИХ-д нэр дэвшигчдийн тоог авч үзвэл орон нутгийн тойргуудад нийслэл Улаанбаатар хотын тойрогтой харьцуулахад харьцангуй цөөн тооны эмэгтэй нэр дэвшиж байна. Сүүлийн дөрвөн удаагийн УИХ-ын сонгуульд давхардсан тоогоор нийтдээ 1814 хүн нэр дэвшсэнээс 430 нь буюу 23.7 хувь нь эмэгтэйчүүд байж. Үүнээс орон нутгийн тойрогт нэр дэвшигчдийн 18 хувь нь л эмэгтэйчүүд байгаа бол, нийслэл Улаанбаатар хотын тойргуудад нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна.Ийнхүү хуульд заасан квотыг хангаж байгаа ч орон нутгийн тойргуудад УИХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүд 20 хувьд хүрэхгүй байна.

Орон нутгийн сонгууль буюу аймаг, нийслэлийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн оролцооны дундаж дөнгөж 15 хувьтай байна. Сум, дүүргийн ИТХ-ын хувьд эмэгтэй төлөөлөгчдийн эзлэх хувь 2012 онтой харьцуулахад буурсан төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл 2012 онд 29.33 хувь, 2016 онд 27.1 хувь, 2020 онд 28.62 хувь болжээ. Монгол Улсад орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагад шат ахих тусам эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөрчээ.

Цаашид аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хүйсийн квотыг нэмэгдүүлэх, эмэгтэй нэр дэвшигч, төлөөлөгчдийг дэмжих бодлого хөтөлбөрийг улс төрийн намууд дотооддоо авч хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна.

“Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” тайлангийн дүгнэлтээс харахад 2021 оны 6 дугаар сарын байдлаар Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувиар нийт 193 орноос (17.3 хувь) 127  дугаарт жагсаж байна. Орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагад шат ахих тусам эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөн байна. Аймаг, нийслэлийн ИТХ-д эмэгтэй төлөөлөгчид дөнгөж 15 хувийг эзэлж байна. Харин сум, дүүргийн ИТХ-ын хувьд эмэгтэй төлөөлөгчдийн эзлэх хувь 2016  онд 27.1 хувь, 2020 онд 28.62 хувь болж өсчээ.

Цаашид аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хүйсийн  квотыг нэмэгдүүлэх, эмэгтэй нэр дэвшигч,  төлөөлөгчдийг дэмжих бодлого хөтөлбөрийг улс төрийн намууд дотооддоо авч хэрэгжүүлэх, улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагааг жендэрийн мэдрэмжтэй болгох шаардлага тавигдаж байна. Улс төрийн намуудын дүрэм, журмаар эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн зохицуулалт маш сул, түүний хэрэгжилт хангалтгүй байгаа аж. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлсэд институцийн шинжтэй хүчин зүйлсээс гадна нийгмийн тогтсон хандлага, жендэрийн хэвшмэл ойлголт, эмэгтэйчүүдийн олон нийтэд танигдах, хүлээн зөвшөөрөгдөх байдал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн болон ажил, амьдралын (ар гэр) тэнцвэрт байдал, сонгуулийн компанит ажлын санхүүжилтийн асуудал зэрэг нийгмийн шинжтэй хүчин зүйлс нөлөөлж байгаа тухай судалгаанд оролцогчдын мэдээлэлд хамгийн олон давтамжтай дурдагдсан байна.

ГАДААДЫН УЛСУУД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙГ ДЭМЖИХДЭЭ УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “УЯСАН” НЬ ҮР ДҮНГЭЭ ӨГЧЭЭ

Олон улсын туршлагаас үзэхэд дэлхийн улс орнууд үндсэн хууль болон бусад хуульдаа тэгш байдлын зарчмыг тусгаж, хүйсийн квотыг хуульчлан удаа дараа өөрчлөлт оруулах, улс төрийн намын санхүүжилтийн талаар болон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт үйлдэх тусгай дүрэм журам батлан мөрдүүлэх зэрэг хөшүүрэг ашиглажээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийг дэмжих төрөл бүрийн бодлого хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, улс төр болон шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Улс орнуудын туршлагаас үзэхэд ихэнх улс Сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль гэх  мэт органик хуулиндаа квотын хэмжээг тусгасан байна. Квот болон эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжихдээ улс төрийн намын санхүүжилттэй “уяж” өгсөн нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, Буркино-Фасо улс Квотын тухай хууль гэсэн тусгайлсан хуультай аж.

Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих төрөл бүрийн хөтөлбөрүүдийг төрийн бодлогоор дэмжин хэрэгжүүлж байна. Карьер болон гэр бүлийн асуудлыг хослуулан дэмжих бодлогыг хэрэгжүүлсэн улс орнуудад энэ бодлого нь үр дүнгээ өгчээ. Зарим улс орон эмэгтэйчүүдийг ажил, албан тушаал эрхлэх, улс төрд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхийн тулд эцэг, эхэд нь адилхан цалинтай чөлөө өгөх, хүүхэд төрмөгц нь яслид өгөх боломж олгох, ахмад настныг асрах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангахад нь дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлснээр эмэгтэйчүүдийг хүүхэд, гэр бүл, ажлын карьертаа зэрэг анхаарах боломжийг бүрдүүлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Урагшлахын тулд УИХ, ИТХ-д илүү олон эмэгтэйчүүд орох хэрэгтэй  
Үзсэн: 1855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй