Шууд Chart

А.Машмаа: Монгол хүн сансарт нисэх үйл явдлыг дамжуулах группт ажилласны дараа намайг найруулагч болгосон

2022-09-14 10:55:24

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойг тохиолдуулан MNB.mn сайт МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ.

Бид энэ удаад

-Юун түрүүнд танд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа.

-Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай хэрхэн холбогдсон бэ?

-Би телевиздээ 1974 онд дууны албанд дууны оператораар ажилд орж, 1976 оноос Суртлын редакц /одоогийн Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакц/-д ассент найруулагч /асс.найруулагч/-аар ажиллаж эхэлсэн. Монгол хүн сансарт нисэх болоход 1980 онд Сансрын нэвтрүүлгийн групп байгуулагдаж, Жаргал дарга удирдсан юм. Энэ группт манай телевизийн Телекино үйлдвэрийн Юндэндорж гэж мундаг найруулагч найруулагчаар, би ассент найруулагчаар, Наранжаргал, Пунсаа редактор, оператор Дашдондог гуай болон Тогтох, Жамсран, туслах найруулагч Баяржаргал зэрэг уран бүтээлч ажиллаж, монгол хүн сансарт нисэх үеийн нэвтрүүлгүүдийг бэлтгэсэн. Юндэндорж найруулагчийн баг Москвад ажиллаж, Пунсаа редактор болон манай баг Монголд ажилласан юм.

Монгол хүн сансарт нисэх түүхэн үйл явдлын нэвтрүүлэг, уран бүтээлүүдийн дараа намайг Сансрын нэвтрүүлгийн группт сайн ажилласан гэж найруулагч болгосон. Тэр цагаас хойш 2014 он хүртэл МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцадаа найруулагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан даа.

-Та Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцдаа “үнэнч”-ээр ажиллаж иржээ. Өөр төрөл жанрын уран бүтээлүүд дээр ажиллаж байв уу?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Чойжилсүрэн гуайн “Дилов хутагт” номыг уншаад Л.Чойжилсүрэн гуайтай уулзаж Дилов хутагт Б.Жамсранжав гуайн талаар “Харьд өнгөрүүлсэн 36 жил” баримтат кино хийсэн. Мөн Пэрэнлэйн Алтанцэцэг сэтгүүлчтэй хамтраад АИХ-ын дарга асан Жамсрангийн Самбуу гуайн мэндэлсний 100 жилийн ойгоор хийсэн “Аргалын гал” хөрөг нэвтрүүлэг зэрэг баримтжуулж түүхийг нь үлдээх ёстой хүмүүсийн тухай хэд хэдэн хөрөг нэвтрүүлгүүд хийжээ. Үүнээс гадна хөгжмийн нэвтрүүлэг, тоглолт, дээр ажиллаж байлаа. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн болон олон нийтийн анхаарлыг татсан том арга хэмжээнүүдийн шууд дамжуулалтууд дээр ажиллаж байсан.

2000 он гарахын өмнө яруу найрагч Даваасүрэнгийн Чинзориг редактораар ажилласан “Бид 21 дүгээр зууныхан” уралдаант, цэнгээнт нэвтрүүлэг хийж байлаа. Тухайн үед нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид сургуулиа төлөөлөн “Бид 21 дүгээр зууныхан” нэвтрүүлэгт баг болон оролцож өрсөлдөж байсан юм. Энэ нэвтрүүлэгт оролцож байсан хүүхдүүдээс найруулагч Батбаяр, Энхтуул, УИХ-ын гишүүн П.Анужин тэргүүтэй өнөө цагийн салбартаа, улс орондоо нэр хүндтэй олон эрхэм төрсөн гарсан.

-Таны ажил мэргэжлийн жаргал, зовлон нь юу байв?

-Би Суртлын редакцад Дашийн Пүрэвсүрэн, Лхагвасүрэн гэж агуу мундаг найруулагч нарын ассент найруулагчаар ажиллаж байсан. Энэ мундаг найруулагч нар миний багш нар. Би найруулагчаар ажиллаж эхлэхдээ Дожоодорж гэж мундаг зохиолчийн “Тойрон аялал” нэвтрүүлэгт найруулагчаар ажилласан. Сүүлд Суртлын редакцын тухайн цаг үеийн бүх л нэвтрүүлэгт найруулагчаар ажилласан даа.

Мөн телевизийн бүтцэд өөрчлөлт орж “Гал”, “Марал”, “Цацал” гэсэн гурван том уран бүтээлийн нэгдэл байгуулагдахад нийгмийн чиглэлээр дагнасан найруулагч, редактор, уран бүтээлчид “Марал” нэгдэлд хуваарилагдсан. “Марал” нэгдэлд сэтгүүлч Цэдэвсүрэнгийн Сарантуяатай хамт их олон сайхан нэвтрүүлэг бэлтгэсэн. Манай Ц.Сарантуяа Москвагийн их сургуулийн сэтгүүлзүйн анги төгсөөд, бичгийн маш өндөр чадвартай, чадварлаг сэтгүүлч ирж байсан юм. Сэтгүүлч, редактор Санжаахүү гуайтай орон нутгийн нэвтрүүлгүүд, Ерөөлсүрэн гуайтай “Намын шийдвэр амьдралд”, Жигмэдготов гуайтай “Тариа тархинд ургадаг” зэрэг ургацын болон танин мэдэхүйн нэвтрүүлгүүд бэлтгэсэн. Ер нь найруулагчаар ажиллах хугацаандаа их мундаг, маш чадварлаг, сайн редакторуудтай ажиллажээ. Сайн найруулагч, сайн редактор, мундаг уран бүтээлчидтэй ажилласан нь миний ажил мэргэжлийн жаргал юм. Тэр мундаг найруулагч, редактор уран бүтээлчдээс найруулагч мэргэжлээрээ 40 гаруй жил ажиллах мэдлэг, туршлагыг олж авсан гэж боддог.

Телевизийн ажил их гоё ч гэлээ цаг наргүй. Гэр бүлдээ, гэртээ зориулах цаг бага байдаг. Эфирээр сайн, сайхан бүтээл гаргахын төлөө өдөр шөнөгүй л явдаг, ажилладаг. Тухайлбал, Монгол хүн сансарт нисэхэд Сансрын нэвтрүүлгийн группт Монголоос ажилласан баг шөнө болгон Москвагаас дуу, дүрс хүлээн авч монтажилж маргаашийн эфирт өгдөг байлаа.

-МҮОНТ-ийн уран бүтээлчдийн болон ажлынхаа ноу-хаугаас хуваалцаж болох уу?

-Найруулагч тухайн цаг үеээ маш нарийн мэдэрч, их сайн ойлгодог байх ёстой. Мөн маш олон талын их арвин мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс маш их зүйл уншиж, судлах шаардлага тулгардаг. Мөн нэвтрүүлгийн, уран бүтээлийн редактор ямар ч зохиол гаргаж өгсөн өөрийн санал, өнцгөө тусгаж, зохиолыг өөрийн болгож, өөрийнхөөрөө улам сайжруулах хэрэгтэй. Зөвхөн редакторын бичиж өгсөн зохиолын дагуу 100 хувь хийгдсэн нэвтрүүлэг найруулагчийн сэтгэлгээний онцлог тусаагүй тохиолдолд сайн уран бүтээл болдоггүй.

Би орон нутгаар маш олон аймаг, сумаар явж сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэж байлаа. Харин Улаанбаатарт голдуу цагдаа, хууль хүчний байгууллагынхантай ойр ажиллаж, хуулийн нэвтрүүлэг бэлтгэдэг байсан. Манай нийгэмд нэг хэсэг траншейнд амьдардаг хүүхэд олон болсныг хүмүүс санаж байгаа байх. Тухайн үед энэ сэдвээр цуврал нэвтрүүлэг хийсэн. Цуврал нэвтрүүлэг бэлтгэхдээ траншейнд хүүхдүүд ингэж амьдарч байна гэж мэдээлэх бус цаад учир шалтгаан болон тухайн хүүхдүүдийн ирээдүйг хэрхэн гэрэл гэгээтэй, мэдлэг боловсролтой, хангалуун сайхан болгох шийдлийг эрэлхийлсэн өнцгөөр олон цуврал бэлтгэсэн. Харин одоо зарим хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид муу, хар бараан мэдээллийг хяналтгүйгээр гаргаад байна. Энэ төрлийн мэдээллийг анх хүмүүс их цочирдож хүлээж авдаг. Муу зүйлийг хэтэрхий их давтаж мэдээллэвэл хүмүүс дасаж, байдаг л зүйл юм байна гэж хүлээн зөвшөөрч эхэлдэг муу тал бий.

-МҮОНРТ-ийн “Алтан сан хөмрөг”-ийн нэвтрүүлгүүд туурвисан цагаас нь хойш он удаан жилийн дараа үзэж, сонсоход ч үнэ цэн нь улам л нэмэгдсэн байдаг. Нууц нь юу байдаг вэ?

-1990-ээд оныг хүртэл манай улсад Монголын радио, Монголын телевиз гэсэн хоёр том радио, телевизийн хэрэгсэл байсан. Монголын радиогоос гадна хэд хэдэн радио байсан бол Монгол Улсад нэг л телевиз байлаа. Тухайн үеийн уран бүтээлүүдийг олон нийт таатай хүлээн авч, Алтан фондод хадгалагдсан. Өдгөө Монгол Улсад телевизийн албан ёсны 16 гол суваг, арилжааны телевизүүдтэй нийлээд 30 гаруй телевиз байна. Энэ дундаас МҮОНРТ яагаад олон үзэгчтэй, байр суурь нь хэвээрээ байдаг вэ гэхээр миний бодлоор МҮОНР-ийн 88, МҮОНТ-ийн 55 жилийн түүхийг бүтээлцсэн найруулагч, редактор, сэтгүүлчид тэргүүтэй уран бүтээлчид, инженер техникийн болон бусад ажилтнууд маш авьяаслаг, хөдөлмөрч, туршлагатай байсанд байгаа юм. Мөн тэр авьяас, хөдөлмөр, туршлага дараа дараагийн үед уламжлагдаж ирсэнд үнэ цэн нь байдаг байх. Мөн бусад радио, телевизийн сайн нэвтрүүлэгч, найруулагч, сэтгүүлч, редакторууд МҮОНРТ-ээс “угшилтай”, эндээс төрөн гарсан, урт богино хугацаанд энэ байгууллагад ажиллаж байсан уран бүтээлч байдаг.

Үүнээс гадна МҮОНРТ-ийг өнгөрсөн хугацаанд маш олон удирдлагын баг, дарга нар удирдаж ирсэн ч уран бүтээлчид, ажилтнуудаа ойлгодог, урам зориг өгдөг, үзэгчдээ ойлгодог дарга удирдлага удирдаж байжээ. Сайн дарга удирдлага уран бүтээлчдэдээ бүтээх туурвих эрч хүч өгдөг учир уран бүтээлд маш эерэг нөлөөтэй. Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргалын санаачилсан “16 мм-ийн кино төсөл”-ийг Энхтуяа дарга, тухайн үеийн удирдлагууд дэмжсэнээр маш чухал, үнэт архивуудаа сэргээж авч үлдэж, том фонд бий боллоо. Монгол Улсад анх телевиз үүсэн байгуулагдсанаас хойш телевизийн салбар 4-5 том үе, давлагааг давлаа. Тэгвэл энэ олон үеийн суурь, бааз МҮОНТ-д байгаа болохоор өнөөгийн нэвтрүүлэг, уран бүтээлүүд ч үзэгчдийн сэтгэлийг татаж байна.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-Би телевизээсээ тэтгэвэрт гараад, 2014-2017 онд “Эх орон” телевизийн захирлаар ажилласныхаа дараа жинхэнээсээ тэтгэвэртээ гарсан /инээв/. Харин энэ оны тавдугаар сараас эхлэн Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойд зориулсан ахмад үеийн уран бүтээлчдийн тухай “Дурсамж дүүрэн он жилүүд” цуврал нэвтрүүлгийн найруулагчдын багт ажиллалаа. “Дурсамж дүүрэн он жилүүд” цуврал нэвтрүүлгийн эхний дугаарууд эфирээр үзэгчдэд хүрч эхэлсэн.

Мөн MNB.mn сайтад нийтлэгдэж буй МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг уншсан. Их мэдрэмжтэй, сэтгэл гаргасан сайхан цуврал ярилцлага түмэнд хүргэж буй та бүгдэдээ баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Би Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэх энэ том айлын, хамт олны дунд мөр зэрэгцэн өдий олон жил ажилласнаа их л сайхан хувь тавилан гэж боддог.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

А.Машмаа: Монгол хүн сансарт нисэх үйл явдлыг дамжуулах группт ажилласны дараа намайг найруулагч болгосон  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй