
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган өндөр түвшний хуралдаанаар үргэлжилж байна.
Өндөр түвшний хуралдааныг НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюун нээж хэлсэн үгэндээ уг Ассамблей НҮБ-ын БОХ-ийн ирээдүйг тодорхойлохоос гадна дэлхий нийтээр тэмүүлэх байгаль орчны зорилтыг тодорхойлох, тогтвортой хөгжлийг хангах бодит нөхцлийг бүрдүүлэхэд дөхөм үзүүлж ажиллах болнго хэмээн мэдэгдээд Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр баримталж байгаа бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулав.
“Хүн бүрд нэр төртэй амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө” уриан дор чуулж буй энэхүү Ассамблей нь НҮБ-ын БОХ-ийг бататган бэхжүүлэх, дэлхийн байгаль орчны цаашдын зорилгыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг С.Оюун тэмдэглэв. НҮБ-ын Байгаль орчны Ассамблейд оролцож буй Монаккогийн хунтайж хоёрдугаар Алберт тогтвортой хөгжлийн зорилтуудад анхаарал хандуулах, 2015 оноос хойших хөгжлийн зорилтод байгаль орчны үүргийг тодорхойлохын чухлыг цохон тэмдэглэв. Мөн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалахын төлөө, хууль бус наймааг таслан зогсоохын төлөө, биологийн олон янз байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхийг чухлыг цохон тэмдэглэв.
НҮБ-ын БОХ-ийн Гүйцэтгэх захирал А.Штайнер дэлхийн хүн амын өсөлтөөс хамааран хэрэглээг гагцхүү байгалийн нөөцөөр хангах боломжгүй хэмжээнд хүрч болзошгүйг онцлоод энэ нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй томхон сорилт болж байгааг онцлов. Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй ялангуяа тусгай хэрэгцээ зайлшгүй шаардлагатай орнуудад онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг тэрээр сануулав.
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун НҮБ-ын далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн төлөөлөгч Балбын Вант Улсын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Др.Кришна Чандра Поделийг хүлээн авч байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгардаг бэрхшээл, сорилтуудын талаар санал солилцов.
Сайд С.Оюун Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудалд өндөр ач холбогдол өгдөгийг дурдаад, Монгол Улсын санаачлагаар Улаанбаатар хотноо байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай олон талт хэлэлцээрт бүлгийн гишүүн орнууд нэгдэн орохын чухлыг тэмдэглэсэн.
Уур амьсгалын өөрчлөлтөн ддалайд гарцгүй хөгжиж буй орнууд хамгийн ихээр өртдөг тул байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд эдгээр орон нэгдсэн байр сууринаас хандах, бүлгийн түвшинд ажиллах шаардлагатайг сайд С.Оюун мөн тэмдэглэв.
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн даргаар сонгогдсон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд НҮБ-ын далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн төлөөлөгч Балбын Вант Улсын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Др.Кришна Чандра Подел баяр хүргээд “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай олон талт хэлэлцээрт нэгдэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг анхаарч ажиллах саналыг НҮБ-ын ДГХБО-ын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Далайд гарцгүй хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад тулгардаг бэрхшээл, сорилт, тэдгээрийг шийдвэрлэх боломжийг НҮБ-ын БОХ, түүний Ассамблейн хүрээнд тусгайлан үзэх шаардлагатайг тэрээр тэмдэглэв. Ялангуяа уулархаг нутагтай, хуурай цаг ууртай болон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа орнуудад нийтлэг бэрхшээл болж байгаа зэрлэг амьтан, ургамлын хууль бус наймаа, түүний дотор ирвэс, бар зэрэг амьтны хууль бус наймаа, цөлжил, хөрсөрөсний доройтол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудалд Байгаль орчны Ассамблейн даргын хувьд анхаарч ажиллахыг тэрээр хүсэв.
Улаанбаатарт байгуулагдаж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудын судалгааны төвүүдтэй арга туршлагаа хуваалцах, мэдээ мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллахын чухлыг ДГХБО-дын бүлгийн төлөөлөл тэмдэглээд НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн даргын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа ДГХБО-дын бүлгийн төлөөлөл илэрхийлэв.
Байгаль орчны Ассамблей өндөр түвшний хуралдаанаар үргэлжилж байна | ||
Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.