Шууд Chart

Цурманд орсон хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

2022-09-29 11:10:28

Улсын хэмжээнд өнөөдрийн /2022.09.29/ байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг 15 аймаг, нийслэлийн 4 дүүрэгт нийт 136 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 78.8%-аар өсөж, дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10044 га, хээрийн 1,118,109 га, нийт 1,128,154 га талбай түймэрт өртжээ.

Тухайлбал,  өчигдөр буюу 28-ний өдрийн 12:15 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Хөшөөт” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Онгон сумын Хилийн 0184, 0146 ангийн алба хаагчид болон Эрдэнэцагаан, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 22:40 цагт түймрийг цурамд оруулан, 23:56 цагт бүрэн унтраасан.

Мөн тус аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Өгөөмөр” гэдэг хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 19:50 цагт түймрийг цурамд оруулан, 20:10 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 4500га талбай шатсан байна.

Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Ширдгийн гол” гэдэг газар энэ сарын 28-ны өдрийн 12:30 цагт гарсан ойн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 19:50 цагт түймрийг цурамд оруулан,  түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын  Цагаан-Азарга 6-р баг Ханбаян-Уул гэдэг газар энэ сарын 28-ны өдрийн 19:50 цагт гарсан ойн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, Бат-Өлзий сумаас Ойн ангийн даргаар ахлуулсан иргэд ажиллаж, өнөөдөр буюу 29-ний 08:05 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Цурманд орсон хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй