Шууд Chart

Байгальд ээлтэй шийдлээр хүлэмжийн хийн кредит тооцох, эрх зүйн бодлогын орчинг сайжруулахад Австрали улстай хамтран ажиллахаар санал солилцов

2022-11-16 14:42:00

2015 оны Парисын хэлэлцээр буюу дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх анхны хэлэлцээрийн зорилгыг биелүүлэхээр улс орон бүр ажиллаж байна.
Монгол Улс ч зорилгоо тодорхойлж, ҮТХНЗ баримт бичгийг гаргасан билээ. Энэ зорилгын хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-иар бууруулах үүрэг амлалт хүлээсэн. Уг зорилтоо биелүүлэхийх тулд салбарых яамнаас тайлагнах үйл явцад ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллаж байна.
Уулзалтаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Манай улс хэдийгээр хүн амын нягтрал багатай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүлэмжийн хийн шингээгчийн асар том нөөцтэй, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын маш бага хувийг эзэлж байгаа ч эдийн засгийг тэлэх, дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэрүүдийг ногоон болгох, мэдлэгт суурилсан, ногоон техник, технологийг нутагшуулах талаар улс орнуудтай тэр дундаа Австрали улстай хамтран ажиллах сонирхолтой байна гэсэн юм.
Түүнээс гадна цаашид байгаль орчны салбарт байгальд ээлтэй шийдлээр (nature-based solution) экосистемийг хамгаалах, түүний үйлчилгээг хадгалж үлдэж байгаа Австрали улсын туршлагаас суралцах, техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
 
Монгол Улсын Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хүлэмжийн хийн зах зээлд оролцох, хүлэмжийн хийн худалдааг эрчимжүүлэх зорилго тавиад буй. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бидэнд олон улсын жишиг, стандартын судалгаа шинжилгээний шинэ арга аргачлал, хүлэмжийн хийн эх үүсвэрийн тооллогыг сансраас тандан судлах аргаар шинэлэг тооцоолол хийх, хүний нөөцөө чадавхжуулах, санхүүгийн дэмжлэг туйлын чухал.
 
Тиймээс цаашид хоёр улсын салбарын яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар талууд харилцан санал солилцож, хүлэмжийн хийн зах зээл, түүнийг худалдаалах, байгальд ээлтэй шийдлээр (NBs) хүлэмжийн хийн кредит тооцох талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бодлого эрх зүйн орчныг сайжруулахад тус улсын сайн туршлагаас суралцах, байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Эх сурвалж: БОАЖЯ

Байгальд ээлтэй шийдлээр хүлэмжийн хийн кредит тооцох, эрх зүйн бодлогын орчинг сайжруулахад Австрали улстай хамтран ажиллахаар санал солилцов  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй