Шууд Chart

С.Хабул: “Бавуугийн Лхагвасүрэн” сан байгуулагдана гэдэг нь өвөөгийн уран бүтээл үргэлжилсээр байна л гэсэн үг

2022-11-21 11:42:12

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Саранхөхөөгийн Хабултай ярилцлаа.

Тэрбээр өвөөгийнхөө нэрэмжит “Бавуугийн Лхагвасүрэн” санг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захиралаар нь ажиллаж буй. Мөн өвөөгийнхөө эд хэрэглэлээр Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн гаргах гэж байна.

-“Бавуугийн Лхагвасүрэн” санг та байгуулжээ. Мөн энэ сарын 25-нд өвөөгийн тань үзэсгэлэн гарна гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Сан байгуулах санааг би ах, эгч, эмээ гээд гэр бүлийнхэнтэйгээ эртнээс ярилцаж байсан л даа. Харин яг зөв цаг нь одоо юм байна гэдгийг сонгож, удахгүй нээлтээ хийх гэж байна. Нийгмийн хүнд цаг үед иргэдэд юу хэрэгтэй вэ гэхээр соён гэгээрэлийн үйл ажиллагаа чухал байдаг. Хэдийгээр өвөө маань бурхны орон руу “мордсон” ч гэсэн уран бүтээлүүд нь хэвээр үлдэж үргэлжилсээр байх болно гэдэг санааг илэрхийлж дээрх санг байгуулсан юм. Түүнчлэн өвөөгийн бичиж байсан үзэгнээс эхлээд гар бичмэл, цуглуулга нь тавигдана. Ер нь очиж үзсэн хүмүүст их сонирхолтой санагдана даа.

-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байхдаа хүүхэд байхдаа өмсөж байсан зүйлсээ харуулж байсан. Тэр ч тавигдах болов уу?

-Тэгнэ. Хүүхэд байхдаа өмсөж байсан буруу энгэртэй дээл, баасны хутга, шөл гаргаж байсан яс гэх мэт тавигдана. Эдгээр үзэсгэлэнгээ сангийнхаа нээлттэй холбож, өвөөгийн төрсөн өдрөөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд хийхээр төлөвлөсөн.

-Үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-Долоо хоног үргэлжилнэ. Өвөөгийн зохиол, яруу найргийг шимтэн уншдаг уншигчид зөвхөн зохиолыг нь уншихаас илүү ямар үзгээр бичдэг байсан, бичгийн хэлбэр нь ямар байв, ямар цуглуулгатай байж гэдгийг ч мэддэг болно.  

-10 боть ном нь гарна гэж байсан. Тэр ямар шатандаа явж байгаа вэ?

-Л.Хасар ах мэнд байхдаа эмхэтгээд 80 орчим хувьд нь хүргэчихсэн байсан. Гэвч ах мөн л бурхан болсон. Гэхдээ уншигчдад удахгүй хүрнэ ээ. Өвөөгийн нэртэй сан байгуулагдана гэдэг нь уран бүтээл нь зогсохгүй, ямагт үргэлжилсээр байх болно. Гэхдээ тодорхой дараалалтайгаар. Энэ удаад сангийн нээлт болон үзэсгэлэнг нь гаргах гэж байна. Үүний дараа ном эсвэл жүжиг нь тавигдаж ч магадгүй. 10 боть ном гаргахад маш их ажилтай тул цаг хугацааны хувьд яг тэдэнд гээд хэлэх боломжгүй.  

-“Тамгагүй төр” жүжиг УДЭТ-т дахин шинэ өнгө, өгүүлэмжтэйгээр тавигдсан. Удахгүй олон улсад тавигдах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Гэвч оруулга нь хэрхэн хийгдэх бол. Монгол хэлний утга алдагдах вий гэж уншигчид болгоомжлоод байгаа ...

-Өвөөгийн зохиолоор тавигдсан нэг л жүжиг нь энэ. “Херо энтертайнмент”-ийн хамт олон маш сайн ажилласан байна билээ. Манай гэр бүлийн хувьд баяртай байгаа. Олон улсын театрт удахгүй тавигдах гэж байгааг нь дуулсан. Өвөөгийн маань зохиол дэлхийн томоохон театруудад тоглогдоно гэж бодохоор маш их бахархаж хүлээж авсан. Уран бүтээлчдийнх нь дээлийн захыг ёстой л мушгимаар санагдсан. Бид дэмжээд л сууж байна. Гэвч тэдний ажилд нь оролцох боломжгүй. Орчуулгын хувьд шийдсэн юм байгаа байлгүй дээ.

-Сан байгуулагдсан юм чинь өвөөгийн тань шүлгийг дуу болгьё гэсэн дуучин, хөгжмийн зохиолч байвал тантай л холбогдох нь байна гэж ойлгох уу?

-Тэгнэ. Оюуны өмчийг нь сангаараа дамжуулж бид хариуцаж байгаа тул манайхтай л холбогдоно. Маш хүндэтгэлтэй хандах ёстой.

-Сангийн удирдах зөвлөлд зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Л.Дашням нар ажиллаж байгаа юм билээ ...

-Тийм. Тэд хар багынх нь найзууд. Биднээр ч гуйлгалгүй зөвшөөрсөн.

-Нэрэмжит яруу найргийн “Антимир” наадам нь үргэлжилнэ биз дээ ...

-Үргэлжилнэ ээ. Хоёр жил тутамд нэг удаа болно. Ирэх жил зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Эхнийхийг нь Л.Хасар ах хийсэн байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Хабул: “Бавуугийн Лхагвасүрэн” сан байгуулагдана гэдэг нь өвөөгийн уран бүтээл үргэлжилсээр байна л гэсэн үг   
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Мөнхжаргал Ж [127.0.0.xxx] 2022-11-21 13:14
Сайхан мэдээ байна!Олон сонирхолтой зүйлс тавигдах байхдаа
Зочин [127.0.0.xxx] 2022-11-21 13:13
сайхан мэдээ байна

Бидэнтэй нэгдээрэй