
Ажлын эхний өдөр. Анх ажилд орсон тэр өдрөө хүн бүр ой тойндоо марталгүй сандаг биз ээ. Зарим хүмүүс “хамт олонтойгоо сайхан танилцаад” авлаа гэж ирдэг бол З.Өнөржаргал бүсгүй ажлын анхны өдрөө ажилтайгаа танилцаад харьсан юм. “Тухай үеийн ХЭҮК-ын гишүүн Г.Далайжамцийн маргаашийн хуралд тавих итгэл мэдээлэлтэй холбоотой материалыг цэгцлээд гараад ирэхэд од мичид түгээд үүр хаяар ч байсан.” /инээв/ З.Өнөржаргал гэх хөнгөн инээмсэглэл тодруулсан бүсгүйг иргэний эрх зүйн чиглэлээр суралцаад төгсөхөд нь “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс”-т ажиллах тохиол бүрдэв. Томоохон байгууллагын үндэс суурийг бий болгон унаж босох үедээ “Хүн ажлыг голдоггүй Ажил хүнийг голдог юм шүү” гэх аавынхаа сургаалыг үргэлж санах аж. Энэ нь түүнд “чи ямар ч ажлыг хийж чадна харин эхэлсэн бол эцсийг нь үз” гэсэн үзэл суртлыг бий болгосон гэлтэй.
Хүний амьдралын хамгийн гэгээн сайхан үе болох хүүхэд насаа З.Өнөржаргал Завхан аймгийн Сонгино суманд өнгөрүүлсэн. Түүний яриа, үйлдэл бүхэн ажилтайгаа, хүний эрх, хуулийн төсөлтэй холбогдох ч цаагуураа ургамал навч, моддын талаар ярина. Бага байхаасаа өвөөтэйгөө хамт уул, талаар явж, эмийн ургамал нүдэлж, түүж, сурагч байхаасаа биологийн хичээлдээ дурлаж байсантай нь холбоотой. Тэр сонирхлоо одоо ч орхилгүй үргэлжлүүлж, сайн дурын мод тарих аянд үргэлж нэгддэг. Өнөөдөр ч мөн адил олон сайн дурын ажил, төсөл дээр хамтран ажилласан найз Т.Саруултай уулзахаар явж байна. Зорилго нь тарьсан моддоо эргэх.
“Мод тарина гэдэг түүний хувьд хобби, гэлээ ч тэр мөн л хүний эрхийг хамгаалах үйл хийж буй нь энэ. Мод бол усыг тэтгэгч, ус бол хүнийг тэтгэгч”
Эгэл амьдралыг гэр бүл, найз нөхөд хамт олонгүйгээр төсөөлөхөд бэрх. Хамтдаа нэг зорилготой хөдөлмөрлөөд ард нь заавал гарна, үр дүнг нь бусад хүмүүс үзэх хэрэгтэй гэсэн сэтгэлээр өдийг хүртэл тэрээр ажиллаж байна.
- Таны бодлоор ямар хүнийг та найз гэх вэ?
Илтгэл даах, үерхэл нөхөрлөлдөө тууштай үнэнч, амласан бол биелүүлдэг, худалч, хуурдаг биш байх найз юм. Хамгийн хүнд цагт хамт байдаг тийм хүн найз байдаг. Олон байна аа. Гэхдээ хамгийн их тууштай үерхэж байгаа найз нар бол насан багийн болон хүний эрхийн талбарт хамтран зүтгэж байгаа ажил амьдралын минь дэмжигч найз нөхөд л юм даа.
- Та сурагч байхдаа ямар хүн болно гэж бодож, мөрөөддөг байв? Тэрнээсээ хэр хол зөрүүтэй мэргэжилтэй хүн болсон байна?
Би ер нь бүжиглэх дуртай охин байсан. Бага ангид байхдаа бүжигчин болно гэж бодож байсан. Харин дунд сургуульд ороод ургамал судалдаг шинжлэх ухааны нарийн мэргэжил эзэмшээд эрдэмтэн болно ч гэж бодож байсан. Энэ мөрөөдөлд өвөө минь их нөлөөлсөн. Маш олон цэцэг, ургамал мэддэг тэдгээрийг ямар анагаах чадвартайг надад зааж байсан юм. Харин миний аав өөрөө хуульч шүүгч хүн байсан. Би аавынхаа мэргэжлийг авна гэж огт бодож байгаагүй шүү. Гэтэл тэгээд хувь заяаны эрхээр биологи, экологийн мэргэжлээ болиод шууд хуулийн сургуульд сурсан даа.
Хуулийн сургуульд сурахдаа гэрээний эрх зүйгээр дагнасан өмгөөлөгч болно гэж боддог байсан. Гэтэл хүний эрхээр мэргэшсэн хүний эрх хамгаалагч болоод Хүний эрхийн Үндэсний Байгууллагад ажиллах хувь заяа тохиож өнөөдрийн намайг бүтээсэн байна.
- Таныг юу хамгийн их аз жаргалтай болгодог вэ?
Зуны амралтаар ээжтэйгээ гэр бүл, эгч дүүстэйгээ хамт аялан төрсөн нутаг өвөг дээдэстээ очиж мөргөх нь аз жаргалтай болгодог. Харин ажил дээр бол их ажлын ард гарах үед л сэтгэл их сайхан болоод аз жаргалтай болдог.
Тухайлбал нэг том судалгааны бүтээл гарсны дараа энэ ажил дууслаа шүү нийтийн хүртээл болж чадлаа шүү гэх үед ажлын аз жаргал мэдэгдэнэ шүү. Сүүлд 2019 онд “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” судалгааны тайланг эцэслэн боловсруулах ажлыг бүтэн 3 сарын туршид сууж бичсэн. Тэгээд тэр судалгааны тайланг гарсны дараа үнэхээр ингээд гарчихлаа шүү, давлаа шүү гэх тэр мөч, мэдрэмж намайг өөрийн эрхгүй аз жаргалтай болгосон. Ангийн нөхөдтэй волейбол тоглох үед бас аз жаргалтай болно. Манай 10 жилийн ангийнхан багадаа бүгд волейбол сагсаар хичээллэдэг байсан. Ихэнх нь спортын мастер бөгөөд зэрэгтэй тамирчид байдаг. Одоог хүртэл бид спортоо орхиогүй. Байнгын тэмцээн уралдаанд орно, тэднийгээ дэмжинэ.
- Таны амьдралын хамгийн чухал сонголт, шийдвэр гаргахад тань хэн хамгийн их нөлөөлж байсан бэ? тэр чухал цаг мөчөө дүрсэлбэл
Миний сонголт хийхэд миний аав нөлөөлсөн. Хүний эрхийн Үндэсний Комисст очиж ажилд орох боломж байгааг хайж эрэлхийлэхийг аав маань надад зөвлөсөн. Би энд ажиллана гээд бодож байгаагүй. Гэрээний эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгч болно гэсэн бодолтой байсан. Гэтэл аав энэ байгууллагын талаар хэлж ядахдаа нэг очоод уулзаад үзээч ажил хүнийг голдог хүн ажлыг голдоггүй юм. Шинэ соргог шинэлэг ажилд хүч сорих хэрэгтэй гэж байсан. Тэгээд энэ байгууллагад анх ирж уулзаад шууд тэр өдөртөө шөнийн 3 цаг хүртэл сууж ажиллаж байж билээ. Тухайн үед Комиссын гишүүн асан Г.Далайжамц гуайн маргаашийн оролцох байсан хурлын бэлтгэл ажлыг хангаж, түүний хэлэх үгийг шивэх, ППТ бэлдэх ажлыг хийж байсан.
- УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулийн төсөлд санал боловсруулна гэдэг хүнээс маш их хүч энерги шаарддаг байх тийм үү?
Хүний эрхийн асуудал хөндөж буй хуулийн төсөл бүрийг судалж, хүний эрхийн үүднээс санал боловсруулна гэдэг ажил бол үнэхээр хариуцлагатай бөгөөд маш их хүч энерги шаардсан ажил. Тухайн эрхийн хүрээнд олон улсад баримталдаг зарчим хэм хэмжээ, НҮБ-ын гэрээний хороодын Ерөнхий зөвлөмж, тайлбар, Засгийн газрын ээлжит илтгэлүүдийг хэлэлцээд холбогдох гэрээний хороодоос Монгол Улсад өгсөн дүгнэлт зөвлөмж, ХЭҮК-т ирсэн гомдол мэдээлэл, хяналт шалгалт, мониторингийн хүрээнд анхаарал татсан хүний асуудлууд бусад байгууллагын судалгаа шинжилгээний ажлуудыг унших, олон улсын хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжийн харьцуулалт хийх гээд чамгүй их эх сурвалж үзэж судалж, санал боловсруулах шаардлагатай болдог. Судалж, харьцуулан, дүгнэн анализ хийж байж хүний эрхийн үүднээс санал боловсруулдаг.
Тал бүрд хүний эрхийн хамгаалагчид өөрийнхөө арга барилаар, замналаар ажлаа хийсээр. Хамгийн гол нь тууштай, тайван замаар тэд хүний эрхийн төлөө тэмцдэг. З.Өнөржаргал бол яах аргагүй хүний эрхийн хамгаалагч мөн. Гэхдээ ямар арга замаар, хүний эрхийг хэрхэн хамгаалж, тэмцдэг бол? Талбай дээр тайван жагсаал хийж үү? Хүмүүсийн дуу хоолой болж уу? Эдгээрийн аль нь ч биш. Бүх зүйлд үндэс суурьтай хандаж, судалгаа хийхээс түүний ажил эхэлдэг гэж товчхондоо ойлгож болох юм. Өөр олон зүйл хийдэг ч тэрээр судалгаа, шинжилгээ хийж түүгээрээ дамжуулах эрх нь зөрчигдөж байгаа зүйлийг нотолж, батална. Гарц, гаргалгаа шийдэлд хүрэх гэнэ. Энэ бол түүний тэмцлийн талаарх хамгийн товч бөгөөд энгийн тайлбар юм.
З.Өнөржаргал бол хүмүүсийн хувьд ажлын сайн хамтрагч, сайн найз, удирдагч, сайн ажилтан, аав ээжийн хайртай охин билээ.
Монголын Эмнэсти Интернэшнлийн Хүний эрхийн боловсролын кампанит ажлын зохицуулагч П.Мөнхжаргал:
2014 онд утсаар орон байртай байх эрхийн талаар З.Өнөржаргалтай анх удаа ярьж байсан. Дараа нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар уулзсан. Их л зарчимтай, ажлаа сайн мэддэг, их цохож асуудаг, тодруулдаг хүн байж билээ.
Миний бодлоор тэр их дайчин, ажлын ард гарахын төлөө өөрийн нөөц бололцоог бүрэн дайчилдаг эмэгтэй. Өнөрөөтэй хамт "Хот дахин төлөвлөлт -Газар чөлөөлөлт-Хүний эрх" онол, практикийн бага хурал - 2015, 2017, 2019 он, Монгол Улс дахь Хүний эрхийн боловсрол форум 2017, 2018, 2019-ыг зохион байгуулахад тус тус хамтарч ажилласан. Өнөржаргал тус хурлуудад илтгэл тавихын зэрэгцээ ХЭҮК-ийг төлөөлж зохион байгуулалтыг хариуцаж ажилласан. Мөн ХЭБ-ын хуралд зориулж Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын зураглал гаргасан.
Хүний эрхийн төлөө ажиллаж, амьдарна гэдэг бэрх. Тэр тусмаа эмэгтэй хүний хувьд. З.Өнөржаргал бол эгэл л нэгэн эмэгтэй шүү дээ. Ямар нэгэн зүйлээрээ илүү болохоор, бусдаас илүү сайхан байгаадаа биш. Тэр хүний дотор оршиж байгаа гал дөл, хүсэл эрмэлзэл л энэ их ажлуудын ард гарах хүчийг өгдөг байх. Хүний эрхийн хамгаалах байх хэцүү юу? Танд хэцүү зүйл юу тохиолдож байсан бэ хэмээвэл, харц нь хаа гэдэг нь мэдэгдэхгүй алсад одоод “Хэцүү зүйл байлгүй яах вэ, Янз бүрийн л зүйл бий шүү” гээд хөнгөн инээмсэглээд болно. Магадгүй энэ асуултыг бодож байхдаа ой тойнд нь үлдсэн бэрхшээлүүдийг эргэн санаж байсан байх. Гэхдээ энэ хүн ажлын хүндийг, асуудлуудыг тоочиж ярих дургүй нэгэн билээ. Түүнд даваад гарсан нь л чухал.
“Сайхан амьдрахын тулд сайн ажиллах хэрэгтэй. Хөл дээрээ бат зогсохын тулд ихийг мэдэх хэрэгтэй”. (М.Горький)
Асуу гэх язгууртай асуудал гэх нь энэ үг хүн бүрд байдаг. Ярьж хэлэхгүй л бол асуудлын талаар хэн ч мэдэж чадахгүй. Уг мөн чанарыг асууж тодруулж баримт нотолгоо цуглуулсны эцэст хүний эрх хамгаалагч хүчтэй болж ирнэ. Асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй, гарц гаргалгааг нь олох зорилготой байхад сорилт төдий чинээ тулгарна. Эрх мэдлийн аагд умбагч эрх зөрчигчид хаа сайгүй. Жингээсээ хүндээр цохихыг оролдох нь жижиг мөртөө том санаатай хүний араншин. Үүний эсрэг хүний эрх хамгаалагч арга ухаанаар зүтгэнэ. Хүний эрх хамгаалагч эмч, багш, инженер, сэтгүүлч, хуульч, өмгөөлөгч, иргэн, малчин, оюутан, судлаач гээд хэн ч байж болно. Гагцхүү хүний эрхийн төлөөх үйл хэрэг нь хүчирхийллийн бус тайван замаар хэрэгжих ёстой юм.
“ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ нь Монгол улсад олон улсын хүний эрхийн тогтолцоог нэвтрүүлэхэд онцгой чухал үүрэгтэй хууль юм. Улсын их хуралд “Монгол улсын ардчиллын 30 жилийн түүхэнд олон улсын гэрээ конвенц, хүний эрхийн гол хууль тогтоомж, дотоод үндсэн хуулиараа хүний эрхийг хангалттай сайн хамгаалсан тийм учраас шинэ хуулийн хэрэг байхгүй” гэсэн массын эсэргүүцэл, үл ойлголцол их гарч байсан. Парламентын танхимд энэ хууль нэлээдгүй маргаан, бэрхшээлийг дамжиж батлагдлаа” УИХ гишүүн Ц. Мөнхцэцэг
“УИХ-ын гол ажил бол үндсэн хуулийн хэрэгжилт, хүний эрхийг хамгаалах. Тийм учраас УИХ-ын дарга Хүний эрх ардчиллын чуулган байх болно гэж хэлдэг нь бидний эрхэм зорилго юм. Энэ дотор хамгийн чухал хүмүүс нь хүний эрх хамгаалдаг хүмүүсийн эрхийг хамгаалах ажил орхигдсон байна.” УИХ гишүүн Ж.Сүхбаатар
Монгол улс хүний эрх хамгаалагчын эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан ази дахь анхны орон юм. Амь дүйсэн баримт, нотолгоо нь дээр дүн шинжилгээ хийж, олон сар судалсны эцэст хүний эрх хамгаалагчийг, тэдний гэр бүлийг ч хамгаалах гэрлийг З.Өнөржаргалын багийнхан асааж чадсан. Хүний эрхийн төлөө асаасан гэрлийнхээ тусгалыг олон хүнд хүргэж, хол түгээхийг зорьсоор ажилласаар...
Б.Ичинхорлоо
Ч.Дүйриймаа
Тусгал хаа хүрэх вэ | ||
Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.