Шууд Chart

Хавт Хасарын нутгаар

2022-12-02 09:27:18

/Одоогоос долоон жилийн өмнө зорчсон Аян замын тэмдэглэл оршвой./

Ийм нэг нутгаар хэд хоног яваад ирлээ. Өвөрмонголын өөртөө засах орны Дархан муумянган холбоот хошуу нь одоогийн тогтолцоогоороо Бугат хотын харьяанд байдаг юм байна. Хөххотоос баруун хойш 300 гаруй газар зайтай юм. Газар гэдэг маань 500 метрийн зайг хэлж байна. Манайхаар бол Хөххотоосоо 160 орчим км алслагдсан. Улаанбаатараас мордоход сэрүүн цэнхэр агаар цалгиж шинэхэн цасны жавар тамшаалж байлаа. Хөххотод буухад битүү манан дунд байна. Чийглэг сэрүүн агаар нь өдрийг үдэш мэт харагдуулж байна. Сураг сонсвол нэлээд хонож байгаа гэнэ. Байтай буюу “цагаан суварга”-ын нислэгийн буудлаас шууд л Дархан муумянган холбоот хошууг яаран зорилоо. Ингэж яарсны учир бас байна. Тэнгэр хойноосоо муудаж цас орох магадлал ихсэж түрүүчийн хялмаа Далан харын цаагуур эхэлжээ. Далан хар уул цасанд хаагдахаас өмнө энэ уулыг давах нь гол зорилго байсан болохоор тэд ийнхүү яаравчилжээ. Далан хар уулыг баруун хойд чиглэлд нь даваад л цас залгаж, халтиргаа гулгаа ихэслээ... Өвөл иржээ...

Жаахан цас ороод л даваагаар давуулахыг хориглож зам хааж тэдний яриагаар бол зорчигчдын амар тайвныг хамгаалдаг байна. Манайтай адил үүгээр түүгээр ил далд явна гэж байхгүй. Зам хаасан л бол хэдэн цагаар ч хааж мэднэ. Замд гарсан машин тэрэгнүүд зогсож л байна. Дүрэм журам хатуу... Манайхан ч ийм л баймаар аа... Манайхан чинь зарлан анхааруулсаар атал дураараа гарч давхиад осол эндэлд орж цас мөсөнд боогдохоос эхлээд аль их эрсдэл хүлээдэг билээ дээ гэж бодогдож л байлаа... Дархан муумянган холбоот хошуу хүртэл зам зуур Хавт Хасарын тухай яриа болж явлаа. Тэр дундаас нэг сонин домог сонссон юм. Энэ домгийг ярихын өмнө Хавт Хасар гэж хэн билээ гэдэг бяцхан тайлбар илгээе...

Хасар нь Чингис хааны эх, эцэг нэгтэй гурван дүүгийн нэг гэдгийг та олон лавтайяа мэднэ. Тэрээр нум, сум харвахдаа чадварлаг сайн байсан учраас түүнийг Хавт Хасар гэж нэрлэдэг байжээ. Хасарыг хүүхэд байхад нь тайчуудын жанжин Таргутай Хирилтуг гэр бүлийнх нь хамт Боржигон овгоос хөөж явуулсан удаатай гэж байгаа. Хоол хүнс ховор байсан болохоор түүний эх нэгтэй дүү Бэxтэр хүнс хулгайлсан учраас Хасар ах Тэмүжингийн хамт Бэхтэрийг ангаас дөнгөж ирээд байхад нь алсан... гээд эрс тэс, шийдмэг, зоригтой алхамуудын дунд түүний бага нас өнгөрсөн. Энэ талаар үлгэр домог ч их байдаг. Чингис хааны эцэг, эх нэгтэй дүү Хасар, Хачиун, Тэмүгэ, Бэлгүтэй нарт Их Монгол Улсын зүүн захад нутаг олгож, зүүн жигүүрийг бүрэлдүүлсэн бол Чингис хааны гурван хүү Зүчи, Цагадай, Өгөдэй нарт баруун захын нутгийг өгч баруун жигүүрийг байгуулсан. Баруун жигүүр баруун тийш үлэмж хэмжээгээр газар нутгаа тэлсэн боловч зүүн жигүүрт тийм их эзлэх газар байгаагүй. Өмч хөрөнгө тэнцүү хуваадаг байсан Баруун жигүүрээс ялгаатай нь Зүүн жигүүрт Хасар, Хачиунаас илүү Тэмүгэг дэмждэг байсан. Хасарын улс Тэмүгэгийн улсаас хавьгүй жижиг байсан. Түүний анхны газар нутаг Хянган уулсын баруун тал байсан. Эргүн, Хайлар мөрөн болон Хөлөн уулаар хүрээлэгдсэн байжээ. Хятадыг байлдан дагуулсны дараа Хасарын удмын ноёд нэмж Шаньдун болон Жяньши мужуудад тус тус хувь газар хүртээж өгсөн. Ийм нэг баримт сэлт түүхнээ байдаг.

Тэгтэл Болунай Хорчин Монголчуудыг удирдаж Хянганаас зүүн тийших нутгийг захирч байсан. Түүний үр удам Манж Чин гүрний захиргааны Жиримийн чуулганы Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос, Зуу Үд чуулганы Ар хорчин, Улаан Цав чуулганы Дөрвөн хүүхэд Муу Мянган, Урад аймгуудыг багтааж байсан. Тэдний дундаас Хорчингийн ноёд Манжийн сүр хүч нэмэгдэж байсан эхний үед эзэн хаан Айсан Гюрийн гэр бүлтэй ураг төрлийн холбоо тогтоож Чин гүрний ноёрхлын туршид дээд түвшний ноёдын цол хэргэмтэй байсан. Хэйлонжиан мужийн Дөрвөн аймаг 1624 онд Чин гүрэнд дагаар орж Хасарын үр удмынхныг удирддаг Жиримийн чуулганы нэг туг болж зохион байгуулагдсан. Горлосын хошуу мөн Хасарын үр удам удирддаг байсан... Энэ бол түүхэнд үлдсэн шар хуудсууд... Дархан муумянганы хойчис Хавт Хасарыг “Монголын хаант төрийг хамгаалахад агтын нуруун дээр хандсан зүгтээ дайсангүй довтолж, баларшгүй гавьяа зүтгэл гаргасан суут алдартай шалгарсан баатар эр гэж одоо ч хүндэтгэсээр байдаг ажээ. Түүнийг үеийн үедээ хүндэтгэн дурсахын төлөө байгуулсан тахилгын өргөө тус хошууны мянган балгасанд байгуулагдаж, Чингисийн онгонтой өмнө хойноо хараа бараандаа байгаа юм.

МУСГЗ Л.Мөнхтөр


Хавт Хасарын нутгаар   
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй